Уралдааны болзол батлах тухай

2010-06-23 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн орчны тохижилтыг сайжруулах “Сайхан хот-сайхан амьдрал” сэдэвт уралдааны болзлыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Уралдааныг эрчимтэй зохион байгуулах, бодит ажил болгон хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Гурав. Уралдааны шагналд шаардагдах 50,0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Энэхүү уралдааны явц, биелэлтэнд хяналт тавьж, нийтэд сурталчлан мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/, Хэвлэл мэдээллийн алба Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засагдаргын 2010 оны
06 дугаар сарын 23-ны өдрийн
365 тоот захирамжийн хавсралт

 

БАЙГУУЛЛАГА ОРЧНЫ ТОХИЖИЛТЫГ САЙЖРУУЛАХ “САЙХАН ХОТ-САЙХАН АМЬДРАЛ”
СЭДЭВТ УРАЛДААНЫ БОЛЗОЛ


Уралдааны зорилго:

Нийслэлийн Засаг даргаас гаргасан нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагын гадна тохижилтыг сайжруулах 2010 оны 281 дүгээр захирамжийг бодит ажил болгон хэрэгжүүлэх зорилгоор албан байгууллага, аж ахуйн нэгж бүрийн гадна орчныг усан оргилуур бүхий үлгэр жишээ тохижилттой болгох, ингэснээр нийслэл Улаанбаатар хотыг дэлхийн хөгжсөн хотуудын жишигт хүрэхүйц өнгө үзэмжтэй, тоос шороогүй, чийглэг, цэвэр агаартай, тохилог хот болгон хөгжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Уралдааныг бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд өрнүүлэн зохион байгуулна. Уралдаанд оролцогчид дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Нэг.  Уралдааны үзүүлэлт

Байгууллага, аж ахуйн нэгж нь:

  • Албан байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшил газрын баталгаажсан зураглал болон орчны тохижилтын зурагтай болж, зургийн дагуу тохижилтын ажлыг бүрэн гүйцэд хийсэн байх, тохижилт хийхдээ сул чөлөөтэй газар орхихгүй бүрэн тохижуулах, зүлэгжүүлж цэцэрлэгжүүлэхэд онцгой анхаарах, тохижилтын зурганд усан оргилуур, усан толио, бичил хүрхрээ, усан хөшиг зэргийг заавал тусгасан байх.
  • Байгууллага нь юуны өмнө хот байгуулалтын бодлого, төлөвлөлт, өөрийн байрлах гудамж талбай, ойролцоох барилга байгууламж, орчны архитектор, дизайнтай байгууллагынхаа гадна өнгө, загварыг уялдуулах, тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн ажилд орчин үеийн шийдэл, дэвшилтэт технологи, загвар, хийцийг сайтар тусгах.
  • Байгууллага нь байшин, барилгынхаа гадна фасад, үүд довжоо, шат, хаалга, хашаа, дээврийг засварлан шинэчилж, өнгө будгийг зөв сонгож будсан байх.
  • Байгууллагын үүд орчим, хашаандаа агаар чийгшүүлэх, тоосжилтыг багасгах зорилго бүхий усан оргилуур, усан толио, бичил хүрхрээ, усан хөшиг, бичил бассейн, мод, зүлэг услах усалгааны систем зэрэг байгууламжийг заавал байгуулсан байх, усан оргилуурыг байгуулахдаа оновчтой байршлыг сонгож шилдэг загвар, хийцтэйгээр томоохон хэмжээтэйгээр байгуулсан байх, энэ ажилд гадаадын хотуудын ололт, үлгэр жишээг нэвтрүүлэхэд анхаарах.
  • Байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн орчиндоо төдийгүй хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ногоон байгууламжид шилдэг хийц, загвартай томоохон усан оргилуурыг байгуулахаар санаачлага, зураг төсөл гаргаж болох бөгөөд эдгээр байгууллагыг нийслэл, дүүргээс бүх талаар дэмжиж хамтран ажиллана. Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд гудамж, талбайд усан оргилуур, усан толио, жижиг хүрхрээ, усан хөшиг зэрэг агаар чийгшүүлэх байгууламж байгуулах санал, санаачлага гаргах.
  • Өвөрмөц хэлбэр, хийц, дүрслэл, өнгөтэй цэцгийн мандал, цэцэгт сав, сандал, хогийн сав, сүүдрэвч, явган хүний алаг зам, талбай зэргийг аль болохоор сүүлийн үеийн загвар, дизайн, дэвшилтэт технологиор чанартай хийсэн байх.
  • Байгууллагынхаа эзэмшил газрын хил заагийг ургамлан хашлагаар барих, /үүнд, эгнээгээр тарьсан бут, сөөг, мод, цэцэг гэх мэт орно/ одоо байгаа хуучин төмөр болон банзан хашааг буулгах, заавал хашаа барих онцгой тохиолдолд өнгө, хийц, загвар нь орчин үеийн хотын архитектурын шаардлага, стандартад нийцсэн байхаар хийгдсэн байх, хашааны загвар, зургийг өөрийн дүүргийн холбогдох хэлтэс, газрын албаар хянуулан батлуулж, барих зөвшөөрөл авсан байх.
  • Байшин, барилгынхаа гадна фасад, дээвэр, хашаа, орчныг өвөрмөц шийдлээр олон талаас нь гоёмсогоор гэрэлтүүлсэн байх, байгууллагын хаяг, реклам, гадна мэдээллийн байгууламжийг сүүлийн үеийн неон, лэд, гэрэлт хайрцаг бүхий гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, гэрэлт товгор үсгийг ашиглан хэлбэр, хийц сайтай хийсэн байх.
  • Машины ил зогсоол, талбай, гаражийг тохилог, тод өнгийн үзэмжтэй тэмдэг, тэмдэглэгээтэй хийсэн байх.
  • Байгууллага нь гадна орчиндоо хоггүй, хогийн ил, задгай цэггүй байх, хогийг ангилан ялгах хэлбэрийг нэвтрүүлж бусдад үлгэр дууриал үзүүлсэн байх, “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг баримталж мөрдлөг болгож хэвшсэн байх.

Хоёр. Уралдааныг дүгнэх, шагнаж урамшуулах байдал

Энэхүү уралдаан 2010 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэл явагдах бөгөөд болзлын үзүүлэлтийг хангасан байгууллага, аж ахуйн нэгж нь өөрийн харьяалах дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээр уламжлуулан Нийслэлийн уралдааны комисст хандаж уралдааны шалгаруулалтанд оролцоно.

Уралдааны шалгаруулалтанд оролцох байгууллагууд тохижилтын ажлын танилцуулга, бусад материалаа 2010 оны 09 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд харьяалах дүүрэгтээ өгсөн байна. Уралдааны шалгаруулалт 09 дүгээр сарын сарын 15-наас 20-ны өдрүүдэд явагдана. Шилдэг тохижилттой байгууллагуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилна.

Уралдаанд шалгарсан шилдэг усан оргилуур бүхий үлгэр жишээ тохижилттой байгууллагуудыг доорх номинациар 2010 оны 10 дугаар сарын 29 буюу Нийслэлийн өдөр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

Шагналын сан 50,0 сая төгрөг болно.
Үүнд:

  • ”Нийслэлийн шилдэг усан оргилуур бүхий үлгэр жишээ тохижилттой байгууллага” номинацид 1 байгууллагыг шалгаруулж Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжийн шагнал, 50,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
  • Дээрх байгууллага нь орчиндоо 100,0 саяаас доошгүй төгрөгийн хөрөнгө гарган тохижилт хийсэн байх.
  • ”Усан оргилуур бүхий сайн тохижилттой байгууллага” номинацид 5 байгууллагыг шалгаруулж тус бүрийг өргөмжлөл, 5,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
  • Дээрх байгууллагууд нь орчиндоо 50,0 саяаас доошгүй төгрөгийн хөрөнгө гаргаж тохижилт хийсэн байх.
  • ”Үлгэр жишээ тохижилттой байгууллага” номинацид 10 байгууллагыг шалгаруулж тус бүрийг өргөмжлөл, 2,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

Дээрх байгууллагууд нь орчныхоо тохижилтонд 20,0 саяаас доошгүй төгрөгийг зарцуулсан байх.

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС