Журам батлах тухай

2010-06-11 00:00:00

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх төрийн ажил үйлчилгээний бодлогын зорилтууд, удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн нэгдсэн тайлан, мэдээ гаргах журмыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Бодлогын зорилт, удирдлагын шийдвэрүүдээс өөрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг энэхүү захирамжаар баталсан журмын дагуу гаргаж холбогдох нэгжид ирүүлж байхыг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтын хэрэгжилтийн мэдээ, тайланг нэгтгэн гаргах ажлыг хариуцах байгууллага нэг бүрийн жагсаалтыг жил бүр тодотгон баталж, энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР