Пиротехникийн хэрэгслийн талаар авах арга хэмжээний тухай

2009-12-09 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрэм”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулж, ашиглаж байгаа байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудаар үзлэг шалгалтыг зохион байгуулж иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд даалгасугай.

Хоёр. Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулах, ашиглахыг хориглосугай.

Гурав. Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийн хэрэгжилтийг хангуулах, Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл борлуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/Л.Бямбасүрэн/, нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. “Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг ашиглан ёслолын буудлага, гэрэлт үзүүлбэрийг зохион байгуулж явуулах тухай журам боловсруулж 2009 оны 12 дугаар сард багтаан батлуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгасугай.

Тав. Уг захирамжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР