Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2009-12-03 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлын 26.1.6, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах тухай" 356 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 68 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хэвээр мөрдөж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах, хүн амыг А хүрээний H1N1 вирусийн халдварын эсрэг вакцинаар хангах, дархлаажуулалтын арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын тархалтын байдлыг өдөр тутам танилцуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/, Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т тус тус даалгасугай.

Хоёр. Вирусийн халдварын тархалт бүрэн зогсоогүй байгаатай холбогдуулан нутаг дэвсгэрийн хэмжээнд халдварын тархалтын байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүлийн түвшинд эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/, Соёл урлагийн газар /Ц.Пүрэвхүү/, Боловсролын газар /Д.Энхбаяр/, Цагдаагийн газар /С.Баатаржав/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг эхлүүлэх бэлтгэлийг ханган, анги, танхимын ариутгал халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийж, хичээлийг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлэхийг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/т даалгасугай.

Дөрөв. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, орчны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, халдвараас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа мэдээлэл, сэрэмжлүүлгийг эрчимжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/, Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д үүрэг болгосугай.

Тав. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ажилласан үйл ажиллагааг дүгнэж, зарцуулсан хөрөнгийн тооцоог гарган, дүнг нэгтгэж танилцуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Эрүүл мэндийн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

Зургаа. Вирусийн халдварын тархалтыг багасгах, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 68 дугаар тэмдэглэлийн 9.1-ийн 1.5-д заасны дагуу шинэ жилийн арга хэмжээнд төсвийн хөрөнгийг зарцуулахгүй байх зорилгоор нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосугай.

Долоо. Томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвартай тэмцэх талаар мэргэжлийн байгууллагуудаас авах арга хэмжээг уялдуулан зохицуулж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай,

Найм. Энэ захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн "Дэглэм тогтоох тухай" 600 дугаар, 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 626 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР