Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-07-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжин хэрэгжих Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нүүр ам судлалын сургуулийн барилгын засварын ажил 250,0 / хоёр зуун тавин/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 26 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР