Газар өмчлөх хүсэлтийг ирэх сараас онлайнаар авна

2014-04-22 00:00:00
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудад эхэлж газар өмчлүүлнэ-
Иргэн бүрт газар өмчлүүлэх асуудал олон жил яригдаад шийдлээ олж чадахгүй удсан бөгөөд энэ оноос өмчлүүлж эхэлнэ гээд байгаа. Газар өмчлөх хүсэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх байсан ч мөн тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр онцгой гарц, шийдэл хүрч чадаагүй бөгөөд шинэ мэдээлэл болохоор асуудал байсангүй. 
Ямартай ч нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх бүртгэлийг ирэх тавдугаар сараас онлайнаар явуулах талаар мэдээллээ. Одоогоор 52 байршилд газар өмчлүүлэх газрын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан хийж дуусаагүй учраас ийнхүү цахим бүртгэлийг ирэх сараас хийхээр болсон байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсанд газар өмчлөх онлайн бүртгэлийн программыг байрлуулах бөгөөд үүгээр иргэн орж регистрийн дугаар, овог нэр, мэдээллээ оруулсаны дараа таны ашигладаг гар утсанд урьд нь газар өмчилж байсан эсэх талаарх хариу ирэх юм байна. Энэ хариуны дагуу шаардлагатай материалаа бүрдүүлэн газрын албанд хандах ажээ. Бүртгүүлэх дараалал ерөнхийдөө ийм байх бөгөөд нарийн дэс дараалал тодорхой болмогц нийтэд мэдээллэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрынхан хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. 
Нийслэлийн сонгогдсон 52 байршлын нийт 15.3 мянга гаруй га газрыг 160 мянган иргэнд өмчлүүлэх тооцоо байгаа талаар албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор  газрын албанд асар их ачаалал ирэх, нөгөө талаар иргэд урт дараалал үүсгэх нь хүндрэлтэй тул ийнхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр болсон юм. Үүнд гадаадын иргэн мөн хамрагдах боломжтой болж буй. Гэхдээ газар өмчлүүлэх том ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудыг түлхүү хамруулах чиглэлтэйг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай хэлсэн. 
Цахимаар бүртгүүлж чадахгүй бол яах вэ?
Газар өмчлөх хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явуулна гэдгийг шүүмжлэлтэйгээр хүлээж авах тал байна. Иргэдийн төлөөлөл болж хэлэлцүүлэгт ирсэн төрийн бус байгууллагын төлөөлөгч нар “Цахимаар бүртгэл хийнэ гэхээр интернэт, компьютер ашигладдаггүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх болж байна. Өндөр настай, хөдөөнөөс хотод шилжин суурьшсан иргэд тэр бүр цахимаар бүртгүүлнэ гэж бүтэхгүй асуудал. Тиймээс газар авахаар биечлэн бүртгүүлэх боломж олгох хэрэгтэй ” гэсэн саналыг тавьж байсан. Үүнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаныхан “Иргэдийг газар өмчлөхөөр бүртгүүлэхдээ их цаг зарцуулдагийг зохицуулах, газрын албаны ачааллыг багасгах зорилгоор цахим бүртгэл хийнэ гэж байгаа. Хувь хүн өөрөө бүртгүүлэх боломжгүй бол өөр хүнд хандан бүртгүүлж өгөхийг хүсэх боломж бас бий. Ер нь асрах хүнгүй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч юм уу иргэнийхээ эрх, үүргийг эдлэх боломжгүй иргэдийг хороон дээр бүртгэх асуудлыг ярьж байна. Хороо иргэдтэй хамгийн ойр байдаг учраас бид дүүргүүдийн хороон дээр цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хүсэлтийг биечлэн бүртгэх асуудлыг анхаарч ажиллана” гэж хариулсан юм. 
Энэ мэт газар өмчлөхтэй холбоотойгоор их асуудал гарч байгаа болохоор бүртгэлийн заавар, шаардагдах материал, сонгогдсон байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан тодорхой болохоор нийтэд зарлана гэлээ. 
У.БОЛОР