“Монгол цэргийн жавхаа” уралдааны эхний шат эхэллээ

2014-04-16 00:00:00
“Монгол цэргийн жавхаа” уралдаан ирэх сарын 3-нд болох гэж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу тус уралдааны шалгаруулалтын ажлыг хэсэг гарчээ. Уг ажлын хэсэг өчигдөр зарим ангиар орж эхний шатны шалгалтыг авсан юм. Офицеруудын ордны хойно байрлах 032 дугаар ангийг хүндэт харуулын анги гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Тус ангид хүндэт харуулын ротоос гадна харуул хамгаалалтын тусгай рот, цэргийн цагдаагийн рот байрладаг юм байна.
Шалгалтын комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажээ. Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан шалгалтын багт Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар зэрэг цэргийн хүрээний бүхий л төлөөлөл явж байв. Тэд эхний шатанд ангиудаар явж жагсаалын бэлтгэл, ангийн тохижилттой танилцаж оноо өгөх бөгөөд 34 ангиас есөн шилдэг баг хоёрдугаар шатанд шилдгийн төлөө Чингэсийн талбайд өрсөлдөх юм байна. 
Жагсаалын талбайд хүндэт харуул, харуул хамгаалалт, цэргийн цагдаагийн ротуудад эгнэн жагссан нь сүр жавхлантай харагдана. Эрийтэл жагссан цэргүүдэд команд өгөнгөө штабын дарга ангийн захирагчид “анги жагсаалд бэлэн” хэмээн илтгэж шалгалтын комиссынхонд бэлтгэсэн үзүүлбэрээ со­нир­хууллаа. Рот бүрийн онц­логоос хамаарч үзүүлбэр өөр байх хэдий ч жагсаалын үндсэн зарчмыг ерөнхийд нь дагах ажээ. Жагсаалын элементүүдийг гол нь цэвэрхэн харуулах ёстой. Тэгж байж оноогоо бүтэн авна. Хүндэт харуулын цэргүүд ротын даргын командаар нэгэн зэрэг хөдлөх нь их л эмх цэгцтэй, ихэмсэг харагдах аж. Тэдний алхаа гишгээ, дуу хоолой нь яг л нэг хүн шиг сонсогдоно. Хүндэт харуулын ангид өмнө нь 175 см-ээс дээш өндөртэй цэрэг авдаг байсан бол энэ журам шинэчлэгдэж 180 см-ээс багагүй байхаар заасан байна.
Тус ангид 199 см өндөртэй нэг цэрэг ирж байжээ. Мөн 190 орчим өндөртэй гурван ч цэрэг хамт алба хааж байсан гэнэ. Хамгийн өндөр дөрвөн цэргээ Чингэсийн хөшөөг мануулдаг байж. Хүмүүс хөшөө оруулж зургаа авахуулахаар өнөө дөрвөн цэргийн толгой дээгүүр нь заавал гарсан байдаг тухай ангийн захирагч Л.Батболд хошигнож ярив. Шалгалтын комиссынхон жагсаал хийх зуур хэн яаж алхаж байна, командыг хүлээж аваад хэрхэн хариулж байна гээд жагсаалын нарийн ширийн болгоныг алдалгүй харах аж. “Ангийн захирагч нь командаа хоёр өгчихлөө”, “Эгнээ алдаад л гишгэчихлээ”, “Тэр нөхөр цэрэгт яваагүй хүн байна даа. Алхаа нь хүртэл андашгүй шүү” гээд л хоорондоо ярих. Цэргийн ангийн бүх зүйл нарийн дэг жаягтай аж. Жагсаал дуусангуут тэдний голоор явж шалгалт хийв. Ахлагч, офицер, дэслэгч гээд цол цолоороо шалгагдах процесс ялгаатай. Мөн чиглэлээсээ хамаарч биедээ зайлшгүй авч явах буу зэвсэг, цүнх, үүргэвч, хоол хүнс нь өөр. Хүндэт харуулын цэргүүд “Төрийн есөн хөлт Их цагаан туг” залах, Чингэс хааны хөшөө, Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөх болон гадны улс төрийн тэргүүнийг угтах ёслол зэрэг төрийн дээд ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог. Тиймээс байнгын болон гэнэтийн бэлэн байдалд ямар шаардлага хангасан байх ёстой гээд өөр хоорондоо адилгүй. Харин  харуул хамгаалалт буюу тусгай үйлчилгээний цэргүүд нь Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэгт ээлжлэн 24 цагийн харуулд гардаг байна. Тэгвэл цэргийн цагдаагийн рот цэргийн алба хаагчдын аюулгүй байдал, ёс журмыг сахиулах, тусгай ачаа тээврийг хамгаалах үүрэгтэй ажилладаг юм байна. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн дотоод ёс журмыг ханган ажилладаг байна.
Аль ч ротын цэрэг бай албаны үнэмлэх, офицер, ахлагчийнхаа үнэмлэх гээд биеийн байцаалттай явах ёстой аж. Комиссынхон урдуур нь явж нэрийг нь хэлэнгүүт нэр усаа хэлж илтгэж байв. Ингээд тус ангийн жагсаалын шалгалт дуусч ангийн тохижилттой танилцахаар ротын байр руу орлоо. Учир нь энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдааны онцлог нь цэргийн ангиуд дотоод тохижилтоо  хэрхэн бүрдүүлснээс хамаарна гэсэн. Цэргийн ангиудын дунд зүгээр нэг уралдаан явуулаад зогсох бус тэдний амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших гэнэ. Энэ утгаараа ангиуд их зүйл хийжээ. 032 дугаар анги хашаандаа “Амралтын хотхон” барьжээ. Сүүдрэвчтэй гурав, дөрвөн ширээ байх бөгөөд голдоо усан оргилууртай. Багахан амралтын газар мэт тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байв. Зуны цагт цэргүүдэд эргэлт ирвэл энэ хотхондоо уулздаг байна. Харин унтаж амрах байрны хоёр давхарт үсчний хоёр ширээ, амралтын өрөөтэй юм байна. Ер нь цэргүүд гэртээ байгаа юм шиг л тухтай байдаг болж. Ийм орчныг бүрдүүлэхийг л уралдаан зохион байгуулагчдын зүгээс шаардаж байгаа юм байна. Хоолны зааланд орлоо. Өдөрт нэг цэрэг хэдий хэмжээний хоол идэх ёстойг хүртэл төрөөс батлаад өгчихсөн самбар өлгөөтэй байв. Шалгалтын журамд ч гэсэн хоолны заалыг тусгаж өгсөн. Агааржуулагчтай, гараа угаах гоожууртай гээд. Цэргүүд өдөртөө дөрвөн удаа халуун хоол иддэг юм билээ. Нэг удаагийн хооллолтод нэг, хоёрдугаар хоолны цэстэй. Мөн байнга өөрсдийн тогоочийн барьсан талхыг иднэ. Ингээд бодохоор хаа хамаагүй хоолны газар юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хоол идэж буй хүмүүсийг бодвол цэргүүд юу иддэгээ мэддэг хэмээн их ам сайтай ярих. Хоолны газраас гарч номын сангаар ороод гарлаа. Номын санд 3000 гаруй ном, мөн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинуудыг үдэж тавиур дээр тавьжээ. Цэргүүд ихэвчлэн уран зохиолын ном уншдаг гэсэн. Энэ жилээс эхлэн цэргүүд номын сангийн өрөөнд байрлах суурин утаснаас гэр рүүгээ 100 төгрөгөөр ярьдаг болсон байна. Бас интернэттэй учраас гэртээ захиа бичдэг цэрэг одоо цагт байхгүй гэсэн.
Номын сангийн хажуугийн өрөөнд бараг мартагдахаа шахсан хальсны киноны машин байв. Кино механикч Хүрэлтогоо 40 орчим жил цэргүүдэд энэ машиныг ажиллуулж кино үзүүлж байгаа гэнэ. Ингээд тус ангийн тохижилттой танилцаад дууслаа. Харин шалгалтынхан дүнгээ нэгтгэхээр дотогш орлоо.
Цэргийн ангийн байшин, обьект бүр шинэхэн будсан бололтой өнгөлөг харагдана. Мөн хашаанд нэг ширхэг чихрийн цаас, тамхины иш ч олж харсангүй. Ямартай ч 032 дугаар анги шалгалтаар 91.42 оноо авчээ. Уг нь өнгөрсөн жил энэ анги “Монгол цэргийн жавхаа”  уралдаанд 94 оноогоор түрүүлж байсан юм байна. Шалгалтын комиссынхон “Танай анги бол Монголын нүүр царай. Тэр утгаараа шалгуур өндөр. Муу байна гэсэн үг биш.  Тиймээс та бүхэн илүү их хичээх ёстой” гээд дараагийн ангийг зорив.
032 дугаар ангийн ердөө хаяанд Байр зүй, геодизийн 284 анги байрладаг юм байна. Тус ангийн эзэмшил талбай бага ч гэсэн боломжийн тохижуулжээ. Гэхдээ ангийн үндсэн обьект Богд уулын аманд байдаг аж. Тусгай хамгаалалт бүхий 40 га газрыг хамгаалахаас гадна бусад ангийн офицеруудад байр зүйн сургалт явуулдаг юм байна. Өмнөх ангийг бодвол цомхон болохоор ерөнхийдөө танилцуулгаа дэлгэцээр тайлбарлаад жагсаалын үзлэгтээ орохоор болов. Өөрсдийн гэсэн томоохон талбай байхгүй учраас 032 дугаар ангийн талбайд алба хаагчид нь жагсчээ. Хэдий цөөн албан хаагчтай ч мөн л ахлах ахлагч, офицер гэсэн ангиллаар жагсч өмнөх жагсаал шиг сүр жавхаатай үргэлжлэв. Нэг онцлог нь тус ангийнхан бүх алба хаагчдынхаа аранз буюу үүргэвчийг өөрсдөө оёсон гэнэ. Учир нь оёдлын үйлдвэрт нэг ширхгийг нь 50 мянган төгрөгөөр оёдог байна. Тиймээс зардлаа хэмнэхийн тулд өөрсдөө ийн урлажээ. Бүх цэрэг хувийн аранз буюу үүргэвчтэй. Үүргэвчинд гурав хоног хэрэглэх хоол хүнсээ зэхсэн байх бөгөөд ахуйн хэрэглээний эд зүйлсээ бас хийсэн байлаа. Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатар арын албаны офицер цолтой эмэгтэйд аранз дахь хүнсээ гурав хоногоор ялгахыг тушаав. Үүрэг авсан алба хаагчийн аранзад гурван ширхэг борцтой шөл гэсэн хаягтай ууттай бэлэн хоол, гурван ширхэг жигнэмэг, мөн тооны лаазалсан загас байсныг эхний өдөр, хоёр, гурав дахь өдөр гээд ялгаж тавилаа. Мөн нэг ширхэг “Alpengold” шоколад, арвайн гурил, элсэн чихэр, дүрдэг цай, хэдэн ширхэг ааруул байна. Арвайн гурил багсарч идвэл цангасан үед амны цангаа тайлдаг бол шоколад ядарсан үед сэргээдэг тухай туршлагатай цэргүүд ярив. Энэ бол түүний гурав хоногийн хүнс. Хэрвээ ямар нэг байдлаар ажил үүргээ гүйцэтгэж яваад төөрөхөөс авахуулаад эрсдэл тохиолдлоо гэхэд гурав хоног амь зогоох хүнстэй байна гэсэн үг. Хүнснээс гадна зүг чиг тодорхойлогч, гар чийдэн, саван, илүү зай гэх зэрэг ахуйн хэрэглээний олон зүйлс авч явдаг юм байна. Тэгэхээр дор хаяж 20 кг ачааг эмэгтэйчүүд, ялангуяа зуны халуунд үүрч явна гэдэг амаргүй бололтой. Гэвч тэд эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүд учраас үүнийгээ хүнд гэж боддоггүй гэнэ.
Ингэж шалгах явцад бусад хяналтынхан өөрсдийн сорилоо дор бүрнээ аваад дуусан байв. Тиймээс дуутай жагсаалдаа орж алба хаагчид нэгэн зэрэг “Манай цэргийн жавхаа” дууг аялан жагсаалаа сүр бараатай дуусгалаа. Учир нь тэмцээнд оролцох ангиудад заавал сурсан байх ёстой гээд “Монгол Улсын төлөө зүтгэе”, “Халх гол” зэрэг арван дууны жагсаалт өгсөн юм байна. Шалгалтынхан “Улсын сүр цэрэгт, цэргийн сүр жагсаалд гэдэг. Сайхан жагсч байна шүү” гэсээр өмнөх шигээ дүнгээ нэгтгэхээр ангийн байр руу хөдлөв. Энэ үгийг сонссон ангийн захирагч Д.Энхцог их л сэтгэл нь тайвширсан байдалтай араас нь одлоо. Одоо цаана нь дахиад 30 анги эхний даваандаа шалгуулахаар хүлээж байгаа.
Д.ДАВААСҮРЭН
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ