Г.Нямсамбуу: Хүн хүүхдээ өсөхийг мэддэггүй шиг хотоо сайхан болж байгааг анзаардаггүй

2009-09-29 00:00:00

1967 оноос хойш улсынхаа нийслэлд ажиллаж амьдарч, өдгөө хотын захиргаанд ажиллаж, Улаанбаатарын хөгжлийн төлөө зүтгэж буй энэ эрхэм өөрийгөө “Хотынхоо унаган иргэн шиг нь байж чаддаггүй дээ“ гэж голж байх юм. Яагаад тэр вэ? Энэ асуултад дараах ярилцлага хариулт өгнө гэж найдна.

Ховдод төрсөн, өтөг бууцан дунд хуц ухнад мөргүүлж өссөн, ийм л хүн гэж бага насаа дурссан манай зочин өөрийгөө хотод төрж, ясли цэцэрлэгээр хүмүүжиж, харихдаа “48“-ын чихэр авч өссөн унаган хотынхонтой зүйрлэхгүй гэсэн. Улаанбаатар хотын 370 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны нарийн бичгийн дарга Гүндийн Нямсамбуутай ярилцлаа.

-Та Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэдэн жил ажиллаж байна. Хүмүүс хотын захиргаа л гэдэг дээ.
-Хотын захиргаанд 1992 оноос хойш ажилласан. Энэ үеэс Улаанбаатарын төлөө зүтгэж эхэлсэн. Тэр үед Тамгын газарт Соёлын хэлтэс гэж байгаагүй, Соёлын газар гэж байлаа. Энэ хэлтсийн даргаар ирж байлаа. 17 жил болжээ.

-Улаанбаатар хотод ирээд хэр удаж байна?
-Анх 1967 онд, хөдөөнөөс 15 настай амных нь салиа арилаагүй нусгай банди ирж байлаа.

-Хаанаас тэр билээ?
-Төв аймгийн Борнуурт долдугаар анги төгсөөд Багшийн сургуулийн Соёлын ангид ирсэн юм.

-Тэр үед Улаанбаатар ямар байсан бэ? Хотын талаарх таны анхны мэдрэмж...
-Бүр анх бол... Сургуульд ороогүй байхдаа хотод нэг ирсэн юм. Үйлдвэрийн яндан дуугараад л... Цахилгаан станцаас баахан утаа олгойдоод л.. Нисэхийн наана айлууд буучихсан. Туул голын цаад талын хадан хошууны орчмоос онгоц дуугараад л... Их л сонин санагдалгүй яахав.

-Хожим нь хотод суурьших гэж, оюутан болоод ирлээ. 15 настай хүүхдийн хувьд арай өөр зүйл анзаарагдсан байх. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач
-Хүүхдийн ертөнц гэдэг тэс өөр. Очиж үзээгүй газраа өөрийнхөөрөө, үлгэрт гардаг шиг л төсөөлнө. Ямар байх бол, автобус нь ямар байдаг бол гээд. Тэр үед Чехийн улаан автобус явдаг байлаа, хоёр хаалгатай. Төв замын түрэмгий улаан гэж нэрлэдэг. Тэр автобус надад хүүхдийн тоглоом шиг санагддаг байж билээ. Багшийн сургуульд ордог жил, 1967 оны намар. Оюутан болж байгаа юм. Хот чинь их өөр шүү. Хүмүүсийнх нь амьдрал ахуй хөдөөгийн биднээс үнэндээ өөр. Дотуур байранд ортлоо айлд суусан. Юм болгон нь хэмжээтэй, идэх хоол, уух цай нь хүртэл. Маслотой талх иднэ. Нэг тийм хэмжээ дамжаатай амьдрал ч юм шиг. Хөдөөний бид чинь хар цайнд боорцгоо жижиглэж иднэ, цай хүйтэн байна уу, халуун байна уу хамаагүй. Хөдөөний хүүхэд яахав, тааралдсанаа л иднэ, пал цал. Яаж тийм амьдрал мэдэх билээ. Жигтэй л санагддаг байсан. Багшийн сургуульд хичээл эхэлсэн хойно ирсэн. Оюутнууд намрын ажилд явчихсан.

-Уучлаарай, яагаад хоцорч билээ дээ?
-Их түүхтэй. Долдугаар ангийг ганцаараа онц төгссөн. Дөрөвдүгээр ангиасаа гармон, зургаагаасаа баянхуур тоглоод сурчихсан, хөгжимд дуртай. Багшийн сургуулийн хөгжийн ангид орно гэж боддог. Онц төгссөн хүүхэд хамгийн түрүүнд хуваариа сонгоно, тэгсэн Багшийн сургуулийнх байна аа, хөгжмийн ангийн хуваарь алга. Жаргалантын 10 жилд явахаар боллоо. Эрт оччихжээ, дотуур байранд оруулах болоогүй, дараа ир гэнэ. Буцах гээд замын унаа хүлээж зогстол нэг шар такси ирлээ. Нэг нөхөр “Нямсамбуу чамайг хотод Багшийн сургуульд оруулахаар болсон гэнэ. Яаралтай ир гэж байна“ гэлээ. Таньдаг л хүн байсан. Ум хумгүй л давхичихсан, пүүгээгээ ч аваагүй. Хотод ирээд манай салбарын эрхлэгч байсан соёлын гавьяат зүтгэлтэн Дагважамц гэж хүнд шалгуулаад тэнцлээ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн цаахна Багшийн сургуулийн туршлагын талбай гэж байлаа. Тэнд сармис хураах ажилд дайчлагдаж долоо найм хоног ажиллаад хичээлдээ орж билээ.

Их сонин, 1966 онд манай нэг хамаатан Багшийн сургуульд сурдаг байсан. Одоо энэ Хөрөнгийн биржээс баруун тийш чигтээ алхаад Багшийн сургуульд түүнтэй уулзахаар очиж байсан юм. Ийм олон барилга байшин байсан биш дээ, тэгэхэд. Хөдөөний хүүхдэд хот үнэхээр өөр ертөнц. Орой нь гэрэл гэгээ асаад л... Хүмүүс нь гоё хувцаслана. Миний үеийн хүүхдүүд бүр гоё харагдана. Хөдөө, хотын ялгаа их, надад тэгж мэдрэгддэг байсан. Тэрнээс хойш 42 жил болж. Таван жилд нь гадаадад сургуульд сурсан, бусад хугацаанд нь хотдоо амьдарчээ. Энд төрөөгүй ч хотын унаган иргэн шиг болж дээ. Өнөөдрийнхтэй яаж харьцуулах вэ дээ. Тэр үед ийм олон байшин барилга байсан биш, Улсын филармонид хааяа нэг тоглолт болно, урагшаа бол зэлүүд тал л байсан юм чинь.

-Сая та өөрийгөө хөдөө төрсөн болохооос хотын унаган иргэн шиг болжээ гэлээ.
-Тийм ээ, бараг ялгаагүй шүү. Тийм л болж.
-Ховдоо, Борнуураа, Улаанбаатараа гэсэн сэтгэлийг тань жинлэвэл аль нь илүү жин дарах бол. Их, дээд сургуульд сурахаар ирээд хотод суурьшсан хүмүүс хэлдэг л дээ, нас жаахан явахаар төрсөн нутаг аргагүй бодогдох юм гэж.
-Ховдод төрсөн, зургаа, долоотойдоо нутгаасаа гарсан. Гэхдээ тоглож гүйж явсан газрууд гэхчлэн гурав, дөрвөн насны дурсамжууд сэтгэлд яалт ч үгүй байдаг л юм. 1980 онд Соёлын яаманд ажиллаж байхдаа Ховдод томилолтоор нэг очсон, дахин яваагүй ээ. Нутаг орондоо очихсон гэж бодно шүү. Нас хэвийхээр төрсөн нутаг санагддаг гэж үнэн. Борнуурт арваад жил болсон, 1967 оноос хойш ирэн очин байгаа даа. Тэнд бага сургуульд сурсан, усанд орно, загас, жараахай барина... Бороо голын эрэг дээр цэлдэн хөх болтлоо л тоглодог байсан.
-Хотод хөдөөнийнхөн ирж байна гэдэг. Хотынх, хөдөөнийх гээд үнэхээр өөр өөр хүмүүс байх юм уу?
-Тэгэлгүй яахав, тэс өөр шүү. Жилдээ 20-30 мянган хүмүүс хотыг зорьж ирж байна шүү дээ.

-Та тэднийг хараад л хот, хөдөөнийх гэж төвөггүй ялгах уу?
-Ялгагдахгүй яахав дээ, ялгагдана, ер нь өөр. Ерөөсөө л гадна талаасаа харагдана. Хувцаслалт, алхаа гишгээ, нийгэмд харьцаа үүсгэж байгаа байдал. Гэхдээ ганган, гоё хувцаслахдаа биш. Ерөөсөө л мэдэгддэг дээ, хотынхон арай л өөр... Хөдөөнийнхөн бөөнөөрөө орж ирснээс хөдөөшсөн харагддаг байх, түүнээс биш хот маань өөрөө хотжоод, улам л гоё болоод байгаа. Улаанбаатар хот 370 жилийн түүхтэй болчихлоо. Үндсэндээ хот байгуулалтын тухай ойлголт 1950-иад оноос үүссэн болохоос биш үүнээс өмнө өнөө л хүрээ хийд, бөөнөөрөө буудаг зарчим үйлчилж байсан. Улаанбаатараас өмнө хотын төлөвлөлт хийж хот байгуулсан туршлага бидэнд алга байна. Харин Дархан, Эрдэнэт бол арай л өөр. Бүтэц зохион байгуулалт, иргэд нь ч их өөр. Бүр нэг тогтчихсон. Улаанбаатар хотын дүү хотууд учраас туршлагаар боссон.
Хотын амьдрал их сонин шүү дээ. Тэс өөр ертөнцөд ирчихсэн юм шиг л төсөөлнө. Бид дотуур байранд нэг өрөөнд наймуулаа амьдардаг, давхар ортой. Айлуудын дэг журам гэж их. Хогоо хамаагүй хаяхгүй, угаадсаа хамаагүй асгахгүй, их л цэвэрхэн байсан санагддаг юм. Байрны айлууд нь бүр гоё. Кино ший, үзвэрт очихдоо хамгийн гоё хувцсаа өмсдөг. Одоогийнх шиг өмсөж явсан хувцастайгаа театрт орчихоод ундаа ууж, хуушуур, бууз идээд явахгүй. Юу гэмээр юм, нэг л тийм хээнцэр. Үндэсний сэхээтнүүд төрөөд бий болчихсон, тэдний оргилуун үе байлаа. “Сэтгэлийн дуудлагаар“, “Хөхөө гэрлэх дөхлөө“ зэрэг кинонд гардаг шиг аливааг хийхийн төлөө, залхуурна гэж байхгүй. Үүний нь нэг илрэл бол бидний үеийнхний оюутнуудын намрын ажил. Тэгэхэд бидэнд хорь, гучин цаас л өгдөг...

-Үе нь, сэтгэлгээ нь ч өөр байсан биз. Хотынхон нэг л өөр, хээнцэр гэж та хэлсэн. Өөрийгөө хэдийд “За би ч одоо хотын хүн болсон“ гэж үнэлсэн бэ?
-Тийм зиндаад хүрээгүй байх аа. 1940, 50-иад оны хотод ажиллаж байсан сэхээтнүүдийн хүүхдүүд, энэ үед хөдөө байсан хүмүүсийн хүүхдүүд ч гэдэг юм уу... ялгаа бий шүү. Хотжилт гэдэг чинь хүнийг удам судраар нь өөр байлгадаг юм байна л даа. Тухайлбал, хотод төрөөд, хотод бага насаа өнгөрөөсөн ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн миний үеийн хотын унаган иргэн бол арай л анги. Тэнд нэг л өөр юм үнэртээд байдаг юм.
-Элит гаралтай гэдэг дээ, Цогзолмаа гуай ч юм уу, Явуу найрагчийн гэр бүлийнхэн, Эрдэнээ гуайн хүүхдүүд, одоо энэ Бат-Үүл...
-Яг тийм. Хөдөө өсөх, хотод өсөх хоёр шал өөр. Тухайлбал, 1960-аад оны хотын хүүхэд залуучууд “Битлз“-ийг сонсож байсан бол би тэгээгүй. Гэтэл бид нар оюутан болоод хожуу “Битлз“-ийг мэдэж сонссон байх жишээтэй. Тэр үеийн сэхээтнүүд гэдэг чинь тэргүүний сайхан хүмүүс байлаа шүү дээ, бүх талаараа үлгэрлэдэг. Хотынхон мэдээлэл түргэн авдаг, түргэн хүрнэ. Гадаад, дотоод явна, ахуй хангамж нь хүртэл илүү. Сэхээтнүүдийн цалин ч харьцангуй өндөр байсан. Хотод төрөөд ясли, цэцэрлэгээр хүмүүжээд, харихдаа 48-ын чихэр авч өсөөгүй л байхгүй юү, би. Тэгэхээр миний жинхэнэ унаган сэтгэлгээ минь хотжоогүй, төрмөл байх нь тийм үү. Би хөдөө төрсөн, өтөг бууцан дунд өссөн, хуц ухнанд мөргүүлж, ийм л хүн. Өөрийгөө хотын унаган гэж болохгүй нь ээ. Харин хотын иргэн гэж хэлэхээс өөрц байхгүй. Сургууль төгссөн, ажилласан, одоо хотдоо, хотынхоо төлөө ажиллаж байна.

-Хотын унаган иргэдээс гарсан яриа юм болов уу, хөдөөнийхөн орж ирээд хотыг муухай болгож байна. Унаган хотынхон гадаадад гарсан. Хөдөөнийхөн хотын соёлыг үгүй болголоо гээд л...
-Хотод суурьшиж байгаа хүмүүсийг буруутгах нь ч юу юм. Буруутгахгүй юм гэхэд бодит байдал өөрийн тань хэлсэнчлэн байна уу гэвэл байдал тийм л байгаа шүү дээ. Ор үндэсгүй, худлаа зүйл биш. Харьцуулаад үзье л дээ. Долоо, таван буудалд үе дамжин амьдарч байгаа улсууд бол хотод амьдраад, хашаа хороогоо маллаад, гэр орноо амьдралаа авч яваад сурчихсан байгаа юм. Тэгвэл Дарь-Эх, Сансарын колонкоос дээшээ өгсөөд явахаар тэнд яах аргагүй хөдөөний л амьдрал байдаг. Энэ хүмүүсийн буруу биш л дээ. Хот гэдэг чинь их сонин ойлголт. Тухайлбал, би хотод 42 жил болсон атлаа хотын жинхэнэ унаган иргэн биш, унаган иргэн шиг нь байж чаддаггүй дээ гэж боддог. Гэтэл манай хөдөөнийхөн, Увсын захын сумын малчных хэдэн малаа зараад хүүхдүүдээ дагуулаад хотод шууд нүүгээд ирдэг. Уул давааны жалганд ганц гэрээрээ амьдарч асан тэдний амьдрал хотын амьдрал хоёр тэнгэр газар шиг. Хөдөө амьдарч байсан хүн дуртай үедээ хаана ч бие засаж болно, усанд орохгүй яваад байж болно. Дуртай үедээ уулнаасаа мод аваад түлчихэж болно. Гэрийнхээ хажуугаар урсах гол горхиноос усаа аваад уучихна. Хотонд байгаа малаасаа идчихнэ, зарж борлуулчихна. Хотод тийм биш, тэс өөр. Бүх юм үнэтэй. Бүх зүйл хязгаартай. Тийм хайрцагнаасаа гарахад хөдөөнийхөнд хугацаа хэрэгтэй. Усаа худгаас үнэтэй авна, дугаарлана, бие засахад хамжааргатай болно. Хөдөөний ийм нүүдэлчин амьдралын үе дамжиж ирсэн хэм хэмжээ хотод шууд хумигдаж чадахгүй байгаа нь үнэн. Хот хөдөөгийн ялгааг арилгана л гэдэг. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, малаа дагаж амьдардаг монголчуудын тухайд энэ бол хэцүү л дээ. Амархаан шийдчих асуудал биш. Улаанбаатарт таван жил дээд сургуульд сурчихаад би хотын хүн болсон гэж яавч болохгүй. Боловсрол авч байгаа сэхээтэн хотжиж чадахгүй байгаа юм чинь жирийн нэг малчин яаж хотжих юм бэ. Зовлонтой л асуудал. Хотын унаган иргэд явлаа л гэдэг, иймэрхүү хандлага байгаа. Хотод байсан улс гэдэг чинь бусад улсын ямар ч хотод амьдрах чадвартай. Хөдөөнөөс анх удаа ирсэн нөхрийг хүн болгон хөдөөнийх л гэнэ шүү дээ. Ялгаа арилахгүй л байгаа юм. Улаанбаатар хотын дайтай хотжисон, аймаг, суурин газруудын төв бий болсны дараа ялгааны тухай ярих хэрэгтэй болов уу.
-Ногоон гэрлээр, гарцаар зам хөндлөн гарах хүн цөөхөн юм аа. Аргаа барахдаа л замын голоор, хөндлөн том том хайс эгнүүлэн өрлөө. Тийм урт урт торон хашаа барьснаас хойш замын осол эрс багассан гэнэ ээ. Гэтэл хүмүүс түүгээр давж, зарим нь бүр мөлхчихсөн шургаж байгаа харагддаг. Гэрлээр зөв гарах, идсэн чихрийн цаасаа халаасалдаг ч юу уу, шүлсээ хаяхгүй, татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийчих ч юм уу... Энэ бүхэн хүний ухамсар уу, эсвэл хотын соёлтой холбоотой юу Та юу гэж боддог вэ?

-Эдгээр нь жижиг атлаа хотын хамгийн том асуудал. Ичгэвтэр юм. Манай Улаанбаатар шиг төв замынхаа дундуур хашаа хатгасан хот өөр хаана ч байхгүй, харамсалтай. Гэтэл яалт ч үгүй ийм муухай, хүйтэн тор татахад хүргэлээ. Манайхан айхавтар хүниймсэг сэтгэлтэй улс даа. Цэцэрлэг байгуулахаар сүйтгэчихнэ, хог цэвэрлэчихээр дахиад л хаячих жишээтэй. Нарангийн хогийн цэг дээр өдөр болгон 300 машин хог асгаж байна шүү дээ. Яваандаа гайгүй болох л байх даа. Улаанбаатар хот бол миний төрсөн нутаг гэсэн сэтгэлгээг бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг.
Хот гэдэг тэр чигээрээ түүх. Тухайлбал, москвагийнхан “Энд миний өвөө, эмээ, аав ээж амьдарч байсан“ гэж ярина. Тэнд үе дамжсан хотын жинхэнэ иргэн төлөвшиж байна. “Миний аавын амьдарч байсан байшин“ гэж хайрлана. Манайд бол хүмүүсийн хувь ухамсраас их болж байх шиг... Яахав ээ, хөдөөнөөс орж ирсэн байж болно, ноорхой хувцастай, шивэртэй, хиртэй ч байж болно, гагцхүү толгойд нь “юм“ байхгүй л байгаам даа. Манай хөгшчүүл чинь хотод ирэхдээ хамаг л гоёлоо өмсдөг, гоёж ирдэг байлаа шүү. Би ээжтэйгээ хамт замын унаанд суугаад хот явна, ээж минь хамгийн гоё хувцсаа, гутлаа өмсдөг байж билээ. Ийм л байсан шүү дээ. Гэтэл одоо ийм ойлголт огт алга.
-Хот төлөвлөлт, дэд бүтэц, зам талбай гээд хотод асуудал. Гэхдээ эдгээрээс гадна хувь хүмүүсийн ааш авир хотын соёл, өнгө төрхөнд нөлөөтэй л дөө. Та хотод орж ирээд бас ч гэж уджээ, хотын захиргаанд ажиллаж байна. Залууст, хотжиж амжаагүй хүмүүст зөвлөгөө хэлэх эрхтэй. Хотынхныг, нийслэлийн иргэн ямар байгаасай гэж Та боддог вэ?
-Соёлын яаманд ажиллаж байсан юм, 1990 онд. Хэдэн хүн дагуулаад Бээжин явлаа. Манайхны нэг нөхөр шүлсээ хаячихаж. Тэгсэн нэг хятад ирээд торгоно, барина гээд бөөн юм боллоо. Тэнд шүлс, бохь, хогоо хаяж болохгүй. Энэ бол хотын иргэнд байх хамгийн наад захын соёл. Хотод ирсэн хүн хэн ч байсан шүлсээ хаядаггүй, тамхины ишээ хаядаггүй, хог тарьдаггүй, тарьсан ч хогийн саванд хийчихдэг, автобус унаанд ёс журмаараа суучихаг, замын хөдөлгөөндөө соёлтой оролцдог. Ийм л байвал боллоо биз дээ. Ингэхэд хот тэс өөр харагдана шүү. Хогийг хүн л тарьж байгаа, хэдэн хүн цэвэрлэж л байдаг, дэргэдүүр нь өнгөрөхдөө хаядаг байж болохгүй биз дээ.

-Тэр хятад нөхөр шиг тийм шаардлага тавих жирийн иргэн Улаанбаатарт ер нь байгаа болов уу?
-Хуучин чинь бид ах захтай байлаа. Одоо бас больсон. Шаардлага тавибал уцаарлана, уурлана. Ийм л болчихсон байна. Одоо шаардлага тавих хүн өдрийн од шиг. Сүүлийн үед харж байхад хүмүүс бусдад битгий хэл өөрийнхөө үр хүүхдэд ч шаардлага муу тавьдаг болсон. Охид тамхи татаад зогсож байна, дэргэдүүр нь өнгөрөхөд нууж хааж эмээнэ гэж үгүй. Харин ч гал байна уу, ах аа гэнэ шүү дээ. Үндэс нь цаанаа байгаа юм аа. Ерөнхий боловсролын сургуульд хүмүүжил олгохоо огт больсноос тэр шүү дээ. Гэхдээ хот маань их л томорч байна. Заримдаа эрэгцүүлж боддог юм, Монголын хүн ам хоёр сая 700 мянга. Гэтэл тэн хагас нь хотод, энд амьдарч байна. Солонгосын 46 сая хүн амын тал нь Сөүлдээ амьдарвал хачин юм болно оо доо. Гэтэл манай хот төлөвлөлтийн бодлогоор үсрээд л 700 мянган хүн Улаанбаатарт амьдрах ёстой шүү дээ, гэтэл одоо яана вэ.
-Уг нь би тантай зөвхөн таны тухай ярилцах гэсэн юм. Гэтэл яриа маань хотын асуудал руу л орчих юм.
-Хотод ажиллаж байгаагийнх л юм даа. Хотынхон ажлаа хийхгүй байна, замаа засаад бухимдал үүсгээд гэх юм. Эцсийн эцэст энэ замыг хэний төлөө засаад байгаа юм бэ, хотын удирдлагууд, хотын захиргааныхан, энэ хэдэн дарга нар л давхиж байх гэж зам засаагүй биз дээ. Иргэн болгоны төлөө замаа засаж байна гэдэг сэтгэхүй хүн болгонд төрвөл учиртай. Нийгэмд нэг тийм сөрөг талаас нь ярих юм. Дарга нар идэж ууж байгаа, хувааж идэх гээд засвар орой эхэлсэн ч гэдэг юм уу дандаа сөрөг. Эерэг талаас нь харах хэрэгтэй шүү дээ. Сүхбаатарын талбайд нэг намуухан орой, эсвэл өглөө эрт, үүрийн таван жингээр нар мандахаас өмнө ирэхэд энэ орчим хачин сайхан харагддаг л байхгүй юү.
-Ийм эрт ирэх гэж үү?
-Тэгэлгүй яахав. Ажил ихтэй орой сууна, өглөө эрт ирэх тохиолдол бишгүй. Хотод ажилладаг болоод тэр юм уу, Миний Улаанбаатар л гэж бодогдоод байдаг юм. Хойшоо харна, Төрийн ордон ямар байлаа, одоо ямар гоё болов. Чингис хаан л гээд яриад байдаг, Чингис хааныхаа хөшөөнд нэг мөргөчихөөд сургаалийг нь нэг сонсчих л доо, яадаг юм. Соёлын төв өргөө, Дуурийн театр, урагшаа Шангрилла... Улаанбаатар хэзээ ийм байсан юм бэ. Би бахархдаг. Үнэндээ бол хүн хүүхдээ өсөхийг мэддэггүй шиг хотоо сайхан болж байгааг анзаардаггүй юм байна. Удаан уулзаагүй хүүхдийг харахад ямар том болсон байдаг билээ дээ, яг түүн шиг. Хотод амьдарч байгаа хотын хүн хотод юу болж байна, яаж өөрчлөгдөж байгааг мэдрэхгүй. Ийм л байсан юм шиг санана. Гэтэл хэсэг хугацаанд гадагшаа яваад ирэхэд хот улам сайхан болчихсон байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдийн өсөлт, хотын хөгжил хоёр ялгаагүй юм шиг санагддаг.

-Та одоо хөдөө амьдарч чадах болов уу?
-Бүр хөдөө нь ч хаашаа юм бэ. Сэлх рүү зуслан байсан газар хашаа хороо болчихсон байгаа. Тэнд амьдарвал чадна.

-Ногоо тариад уу?
-Би боддог юм аа, хашаагаа моджуулаад, жимсний мод тарьж, жимс авна. Мод их сонин. Усалсны дараа надад “Баярлалаа“ гэж хэлээд байгаа юм шиг санагдддаг юм. Би ч тийм хийсвэр сэтгэлгээтэй хүн юм уу, бүү мэд. Хашаанд байгаа моднуудаа үр хүүхэд, зээ нартаа нэрлээд өгчихсөн. Бороо орохоор байгаль сэргэдэг дээ. Яг түүн шиг мод услахаар хачин гоё болдог. Байгаль хүн хоёрын хооронд амьд харьцаа үүсэж байгаа юм шиг. Модоо усалсны маргааш модод надтай яриад байгаа юм шиг. “Баярлалаа, Нямсамбуу минь баярлалаа“ гэх шиг. Хүнд хоол өгөх, мод услах хоёр ялгаагүй юм шиг ээ. Бороо орвол мод ургадаг л гэж ойлгодог, гэтэл бороо орох, услах хоёр тэс өөр. Нэг сайхан төгөл байгуулах юм сан гэж боддог. Өнгөрсөн намар хашаандаа чацарганы 10 бут суулгасан, сайхан ургачихсан байгаа. Хоёр, гурван жилийн дараа жимсээ өгнө. Миний мод болгон түүхтэй. Хэдийд яаж тарьсан гээд л...

-Нэг түүх сонирхуулж болох уу?
-2004 онд Сөүлээс ирээд бага охиндоо зориулж гацуур тарьсан юм. Тэрийг бусдаас нь илүү усалдаг, бага охиндоо би амь юм. Гэтэл тэр мод ямар өндөр ургасан гээч, онцгой ургасан. Надад төрсөн мэдрэмжийг аваад ч байгаа юм шиг, их сонин.

-Сөүлд та Улаанбаатар хотын байнгын төлөөлөгчөөр хоёр жил ажилласан, тэндээс ирээд мод тарьжээ?
-Тэгсэн. Бага охиноо Сөүлийн их сургуульд үлдээгээд ирсэн юм, тэгээд охиноо санаад тарьсан хэрэг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Тав. Одоо манай зээ нар “Энэ миний мод тийм ээ, өвөө“ гээд л онгирч харайгаад яваа. Бүгдийнх нь түүхтэй мод бий. Хүүхэд өөртөө сайн хүнд сайн, нохой ч тийм. Мод ч бас ялгаагүй, миний сэтгэлийг ойлгож “Баярлалаа баярлалаа“ гээд байх шиг, их сонин байгаа биз. Солонгосчууд мод таривал нас нэмнэ гэдэг юм. Модод мөнх ургана. Намайг үгүй болоход миний модод үлдэнэ. Миний хүүхдүүд, ач зээ нар минь миний аав, өвөө минь тарьсан юм“ гээд л тэр хашаа тэдний минь хувьд бөөн дурсамж болно. Түүнээс гадна, энэ чинь хотын иргэний үүрэг. Би өөрийгөө үүргээ их сайн ухамсарласан хүн гэж боддог. Ойр орчмынхон, хөршүүд минь намайг хотын захиргаанд ажилладаг гэж мэддэг. Би тэдэнд ч бас үлгэрлэх учиртай биз дээ,
-Тэгэлгүй яахав. Танд амжилт хүсье.