Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагштай явж байна

2014-04-04 00:00:00
НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очир­бат, Нийслэлийн гэр хо­рооллын хөгжлийн газрын дарга Ц.Ганхуяг болон нийслэлийн Ерөн­хий тө­лөв­лөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд нийс­лэлийн зарим байршил дахь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. 

Өнгөрсөн жил БХБЯ, НЗДТГ-тай хамтран "Хилчин" хотхоны ойролцоо буюу СХД-ийн 30 дугаар хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу газар шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн би­лээ. Тус хорооны 168 айл дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлснийг нийслэлийн удирд­лагуудаас дэмжин ийн ажил хэрэг болгожээ. Гүйцэтгэгчээр "Атмор" компани ажиллаж байна. Тэдгээр айлууд нь дахин төлөвлөлтөд хамрагдсанаар инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдон, 1.5 км хатуу засмал зам тавиулахаас гадна өнгө үзэмж сайтай нэгэн жигд төмөр сараалжийн төмрөөр хашаалах юм. Өчигдрийн байд­лаар авто замынх нь суурь хучилт хийгдсэнээс гадна айлуудаа бү­рэн хашаажуулсан байсан юм. Харин халаалтыг нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрс шингэрүүлэх станцыг барих юм байна. Өөрөөр хэлбэл нүүрсийг шингэрүүлж иргэдэд түгээх аж. Цэвэр, бохир усны гол шугамууд нь тавигдсан бөгөөд тэндээс айлууд руу татах салбар шугамын ажил үлджээ. Нүүрс шингэрүүлэх хийн станц нь мянгаад айлын хэрэгцээг хангах хүчин чадалтай. Төслийг ирэх улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. 

"Хера констракшн" компани нь СХД-ийн зургаа, долдугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгчээр сонгогдсон бөгөөд эхний ээлжинд тус бүр нь 63 айлын есөн давхар гурван орон сууц барихаар суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. Төвийн ус дулааны шугаманд хол­богдохоор зураг төсөл нь гарсан юм байна. Эдгээр байрууд нь бүрэн цутгамал юм байна. Эхний ээлжинд най­ман айлын 4000 гаруй м.кв талбайг чөлөөлөн дээрх барилгын ажлаа эхлүүлжээ. 

СХД-ийн тавдугаар хороонд "Жи Ди" компани дахин төлөв­лөлтийн хүрээнд 52.6 га талбайд барилгажилтын ажил хийж гүйцэт­гэхээс өчигдрийн байдлаар 4.9 га талбайд 15 болон 12 давхар гурван барилга барихаар төлөвлөсөн байсан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд 32 айлын газрыг чөлөөлөх бөгөөд үлдсэн 40-өөд айлын газрыг ирэх зунаас чөлөөлснөөр эхний ээлжийн бүтээн байгуулалт явагдах 4.9 га талбай бий болох гэнэ. Тус хороонд нийтдээ 10-15 давхрын 51 байр баригдахаас энэ ондоо эхний хоёроос гурван байрыг ашиглалтанд оруулахаар ажиллах юм байна. Дулааны асуудлыг нь шийдчих юм бол төвийн цэвэр, бохирын шугаманд холбогдчих юм байна. 

"Назу пропорти" компани нь Сонгинохайрхан дүүрэг дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байрны ойролцоох 11.5 га талбайд орон сууцжуулахаар сонгогдсон. Дэд бүтцийн зураг төсөл нь ирэх сард гарснаар барилгын ажил эхлэх боломжтой. Энэ хэсэгт нийтдээ 1950 айлын орон сууц барихын тулд 240 гаруй айлын газрыг чөлөөлнө. Энд цахилгаан, цэвэр усаар хангахад хүндрэлгүй хэдий ч бохирынх нь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар компанийн ажилтнууд уламжилж байсан юм. Харин дулааны асуудлыг бие даасан хэлбэрээр шийдэх хэрэгтэй гэх үүргийг Нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа. Энэ зунаас гурван барилгын аж­лыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Бор­луулалт дээр НОСК-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Энд орон сууцнаас гадна 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний төв байгуулагдах аж. 

Чингэлтэй дүүргийн долоогоос арваннэгдүгээр хороонд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр сонгогдсон "Өндөр буянт холдинг"-ийн ажил удаашралтай явагдаж байсан юм. Биднийг ажлын талбай дээрээ бус албан тасалгаандаа угтаж авсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөгөө батлагдахыг хүлээж суусан юм. Энэ хэсэгт дулааны шийдлийг нь өөрөөр хийх хэрэгтэй болох нь зураг төслөөс нь харагдаж байлаа. Чингэлтэй дүүргийн 13 болон 15 дугаар хороонд "Асар өргөө" болон "Буурал сутай" ком­паниуд барилгажилтын ажлыг эхлүүлжээ. Тус бүр 7.5 га талбайд барилгажилт, тохижилтын ажлыг хийхээс эхний ээлжинд "Асар өргөө" компани таван давхар 20 айлын хоёр барилга барихаар төлөвлөн, суурийг нь ухчихсан байсан юм. Харин "Буурал сутай" компани таван айлын чөлөөлсөн газар дээр 12 давхар барилгынхаа суурийн арматураа зангидчихсан байсан бөгөөд удахгүй цутгалтаа хийнэ гэж байсан юм. Энд цахилгаан, цэвэр бохирын шугаманд холбох ажил нь асуудалгүй гэнэ. Харин халаалтыг нэмж хоёр уурын зуух барихаас гадна, одоогийн уурын зуухных нь хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд "Цэлмэг Ази" компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Өчигдрийн байдлаар тус бүр нь таван давхар хоёр барилгынхаа суурийг тавьчихсан байлаа. Харин ойролцоох бохирын байгууламж нь саарал усаа хөрсөнд нэвчүүлдэг учраас ухсан газрынх нь зүүн хойд хэсгээс ус нэвчжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга "Эхлээд цэвэрлэх байгууламжаа барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Үүнийхээ дараа одоогийн хөрсөнд саарал усаа нэвчүүлдэг цэвэрлэх байгууламжийн шугамыг тэндээ холбо. Тэгээд барилгын ажлаа эхлүүлэх хэрэгтэй" гэсэн зөвлөмжийг өгсөн юм. 

Дээрх бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтүүд нь хийгдчих­сэн учраас санхүүгийн тал дээр хүндрэлгүй аж. Гагцхүү ганц нэг­хэн байршил дээр зураг төсөл нь батлагдах, газар чөлөөлөлт, дулааныг нь шийдвэрлэх зэрэг багахан хүндрэлүүд гарч байгаа ч үүнийг шийдвэрлэхээр ирэх долоо хоногт хотын удирдлагууд барилгын компанийнхантай зөвлөлдөх гэнэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ