Түгжрээд ч гэсэн замаа засья

2009-08-25 00:00:00

Нийслэлийн авто замд сүүлийн 30 гаруй жил нөхөөснөөс өөр засвар хийгдээгүй. Өөрөөр хэлбэл энэ жилийнх шиг шинэчлэлтийн ажил өмнө нь хийгдэж байгаагүй гэсэн үг. Улсын болон нийслэлийн төсвөөр баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүрэн шинэчлэх ажил ид явагдаж байгаа билээ. Энэ ажил иргэдийг нэлээд бухимдахад хүргээд байгаа ч нэг удаа багахан тэвчээр гаргаад замаа шинэчлээд авбал хэдэн жилдээ зам засвартаа санаа зовохгүй шүү дээ нийслэлчүүд ээ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ үед иргэд маань бие биедээ хүндрэл учруулалгүй ажил амьдралаа зохицуулах нь чухал юм. Хотын хөгжил иргэн та биднээс шууд шалтгаална. Харин энэ талаар иргэд, олон нийт ямар бодолтой байгаа вэ?
Төрийн шагналт Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав
Замаа заслаа, дараа нь хүнээ засья

Энэ бол маш зөв асуудал . Захиргааны аргаар ажлыг хийхгүй бол хэзээ ч үр дүнд хүрэхгүй . Хүн бүр дур зоргоороо ярьж байгааг анзаарах хэрэггүй. Манайхан хүний эрх гэдгийг буруугаар ойлгоод байдаг. Нэгэнт л хот гэдэг өөрийн гэсэн засаг захиргаатай болохоор түүнийгээ ийм ажилд л гаргах хэрэгтэй. Ингэж л зоригтой хийхгүй бол бид хагарсан зам тай байсаар байна. Дотоодын гадаадын хамаагүй хамгийн гол нь чаддаг байгууллагаар л хийлгэх хэрэгтэй. Энэ удаа замаа засаад авчихна. Харин дараа нь хүнээ засах хэрэгтэй. Би хотын иргэн гэсэн бардамнал одоо байхгүй болсон. Хүн бүр өөрийн дураар аашилж хашгирна. Ямар ч ажил хийсэн муу талыг нь түрүүлж харна. Дээхнэ үед хотын хүн салхины доогуур гархад саахалтын газраас танигддаг гэдэг байсан. Харин одоо бол энэ бүхэн байхгүй болсон. Хүн бүрийн санаанд тохирсон юм гэж энэ хорвоод байдаггүй. Гэгээтэй сайхан ажил , хийж, гараа хөдөлгөж байгаа хүмүүсийг 100 хувь дэмжинэ. Хот шиг хоттой болохын төлөө бүгдээрээ ажиллах хэрэгтэй.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ц. Цэндаюуш
Цаг хугацаа хамгас чухал

Замаас болж хаа сайгүй л үглэсэн, уурласан хүмүүс л явж байна. Цаг хугацаа алдаж, оройтсон болохоор иргэд жаахан бухимдалтай байх шиг санагдсан. Уг нь томоохон ажлыг зохион байгуулалттай хийх нь зөв. Тэр дундаа хүн бүрийн ажил, амьдралтай холбогддог замыг засварлан сайжруулах нь хамгаас чухал, захиргааны аргыг зөв ашиглаж, цаг хугацаандаа багтаан, ажлаа дуусгах нь иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаагийн тод жишээ. Иргэд маань ч жаахан хүлээцтэй хандах хэрэгтэй. Харин төр засаг хэдэн зуун мянгаар зарцуулж байгаа хөрөнгөө үр дүнд хүргэх нь чухал. Муу, муухай явахыг хэн хүсэх вэ дээ. Тиймээс хурдан хугацаанд замаа сайхан болгох хэрэгтэй.