Э.Тэмүүлин: Нийслэл 400 орчим тэрбумын бонд гаргах боломжтой

2014-03-19 00:00:00
Э.Пагма
Сангийн яамнаас нийслэл бонд гаргахыг нь зөв­шөөрсөн мэ­дээл­лийг өмнө нь хүргэж байсан.  Манай улс орон нутгийн бонд гаргаж байгаагүй юм. Тус яамнаас нийслэл хот анхны орон нутгийн бондыг гар­гаад жишиг тогтоох хэрэгтэй гэж үзсэн билээ. Тэгвэл өчигдөр нийс­лэлийн Засаг даргын Там­гын газар, Дэлхийн банктай  хамт­ран  “Бонд-санхүүгийн шинэ эх үүсвэр: Боломж ба шийдэх асуу­дал” сэдэвт хэлэлцүүлгийг зо­хион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийс­лэлийн Засаг дарга, Дэлхийн банк­ны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын хол­богдох албаныхан оролцсон юм. Энэ үеэр Улаанбаатар хот бонд гаргаж, цаашид хэрэгжүүлэх то­моохон төсөл хөтөлбөрүүдийг сан­хүүжүүлэх тухай хэлэлцсэн юм.  Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хо­тыг 2020 он хүртэл хөгжүүлэх тө­сөлд 25.4 их наяд төгрөг шаард­ла­гатай ажээ. Гэтэл үүнийг ул­сын болон нийслэлийн төсвөөр сан­хүүжүүлэх боломж хомс уч­раас бонд гаргах асууд­лыг  хэ­лэлцсэн нь энэ юм. Энэ үеэр Дэл­хийн банк болон Нийс­лэлийн захиргаа хамтран гар­гасан зээл­жих эрхийн чансааг тог­тоох ажлын судалгаанд  нийс­лэлийн бонд гаргах эрх, өрийн хяз­гаарыг Монгол Улсын хуулиар тог­тоосон талаар танилцууллаа. Үүгээр бусад орон болон орон нутгийн Засгийн газрын хуульд заасанчлан нийслэл хотын олон улсын зах зээлээс зээллэх чад­варт хязгаар тавьсан буюу өрийн мөнгөн тэмдэгтийн талаар тодорхойлж өгсөн заалт хуульд байхгүй.  Гэхдээ  авах зээлийн нийт хэмжээнд хязгаар тогтоож өг­сөн гэдгийг онцолж байв. Өөрөөр хэлбэл,  өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь ор­логын дүнгээс болон төлөх өрийн үйл­чилгээний нийт хэмжээ нь өм­нөх жилийн төсвийн суурь ор­логын 15 хувиас хэтэрч болохгүй. Төс­вийн тогтвортой байдлын хуульд “улсын өр” гэдэгт дотоод, га­даад зээл болон Засгийн га­зар, орон нутгийн захиргаа түү­ний дотор төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэг­жийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийг оруулсныг тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр  улсын нийт өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарт Улаан­баатар хот баригдаж бай­гаа гэсэн үг. Хэ­лэлцүүлгийн үеэр нийслэлийн За­саг даргын хэ­рэг­жүүлэгч агентлаг Эдийн зас­гийн хөгжлийн газрын дар­га Э.Тэмүүлинтэй цөөн хором ярилц­­лаа. 
-Нийслэл анх удаа бонд гар­гахаар болж байна. Үүний гол санаачилга үндэслэл нь юу вэ, эдийн засгийн үр ашиг ямар байх бол?
-Улаанбаатар хотын төсөв  их бага. 2014 оны төсөв гэ­хэд 549 тэрбум төгрөгөөр батлагд­сан. Энэ төсөв маань 1.2 сая хү­ний хэ­рэгцээг хангах бүрэн боломж­гүй. Тиймээс дэд бүтэц, нийгмийн эдийн засгийн шаардлагыг хан­гахын тулд бонд гаргах эсвэл зээл авах шаардлага байгаа юм. Үүнээс гад­на хотын дарга Э.Бат-Үүл мө­рийн хөтөлбөртөө бонд гаргах, зээлжих зэрэглэлийг тогтоолгоно гэж тусгасан. Энэ хүрээнд 2014 оны нийгэм эдийн засгийн зо­рил­тод энэ асуудал тусгагдаад, хол­богдох бэлтгэл ажлуудаа хийж бай­на. Нийгэм эдийн засгийн ямар давуу тал гарах вэ гэдгийг тайл­барлах шаардлага байхгүй юм болов уу. Яагаад гэхээр одоо­гийн Улаанбаатарын байгаа нөх­цөл байдал сул дорой байгаа нь мөнгөтэй холбоотой. Бид мөнгийг улс болон нийслэлийн төсвөөс гар­гаж чадахгүй бол хөрөнгийн зах зээлээс босгож төсөл хөтөл­бө­рүүдээ хэрэгжүүлье гэж байгаа юм. Өгөөж нь мэдээж эерэг нө­лөөлөл гарах байх. 
-Нэг талаар бонд гаргаснаар эерэг ч нөгөө талаар өрийн да­рамт болох вий гэсэн бол­гоомжлол бий шүү дээ?
-Нэг талдаа болгоомжлох асуу­дал ч нөгөө талаас барууны то­моохон корпораци, улсуудыг аваад үзвэл бүгд өр зээл үүсгэж байж том төсөл хөтөлбөрүүдээ хэрэг­жүүлдэг. Тийм учраас үүнийг жирийн үзэгдэл гэж бодож бай­на. Айж эмээх зүйл байхгүй.
-Ойролцоогоор хэчнээн тэр­бум төгрөгийн бонд гаргах боломжтой юм бол?
-Манай бонд гаргах өр үүсгэх хэмжээ өмнөх оны төсвийн орло­гын 15 хувиас хэтрэхгүй байх шаард­лагатай  гэсэн заалт бий. Тэ­гэхээр 2014 оны төсвийн 15 хувь гэж үзвэл 400 тэрбум төгрөг гэж ойлгож болно. Гэхдээ бид хэдийг гаргах вэ гэдгээс илүү  бид хэдийг гаргаж ямар төсөл хө­төлбөр хэрэгжүүлж дараа нь өрийн дарамтад орохгүй байх та­лаас нь судалж байгаад бондоо гар­гах шаардлагатай. Хэмжээний хувьд 400 орчим тэрбум төгрөг гэж ойлгож болно.
-Бонд гаргах төлөвлөгөөний хүрээнд зээлжих эрхийн  асуу­дал яригдаж байна.  Зээлжих зэ­рэглэлийг сайжруулах ямар бо­ломж байна вэ?
-Дэлхийн банктай хамтарч хий­сэн зээлжих зэрэглэлийн урьд­чил­сан тайлан сая гарсан. Үүгээр Улаан­баатар хотын зээлжих зэ­рэглэл “тогтвортой” гэж гарсан. Гэх­дээ нийслэлийн зээлжих зэ­рэг­лэлийг Дэлхийн банк, эсвэл хот өөрөө үнэлж гаргах боломж байх­гүй.
-Бонд гаргахад Дэлхийн банк ямар оролцоотой ажиллаж бай­на вэ?
-Дэлхийн банк яг одоогоор  зөв­хөн техник туслалцаа үзүүлж бай­на. Цаашид бонд гаргах асуудал хэ­рэгжиж эхлэх үед хөрөнгө оруу­лалтын банкуудыг хөлсөлж авдаг. Тэгээд андеррайтараа хөлслөөд ажилдаа орсон үед Дэлхийн банк оролцохгүй.
-2020 он хүртэл нийслэлийн хэмжээнд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагтай вэ?
-Улаанбаатар хотын 2020 он хүр­тэл хөгжүүлэх төлөвлөгөөр 25.4 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг жилд хуваагаад үзэх юм бол 3-4 их наяд төгрөг хэ­рэгтэй. Одоо бид улсын болон нийслэлийн төсвөөс гаргаж бай­гаа мөнгийг базаад үзвэл дээрх хө­рөнгөөс 10 дахин мөнгийг хө­рөнгө оруулалт маягаар оруулж бай­на. Хэрэгцээний хувьд асар их мөн­гө хэрэгтэй ч бид шууд тэд хэ­рэгтэй гээд бонд босгоод байх боломжгүй шүү дээ.
-Цаашдаа нийслэл жил бүр тодорхой хэмжээний бонд гар­гах уу, томоохон төсөл хө­төл­бөрүүдийг хэрэгжүүлэхэд нийс­лэлийн төсөв хүрэлцэхгүй гэ­дэг нь тодорхой байгаа шүү дээ?
-Төсвийн хуулиар Улаанбаатар хотод зээл үүсгэх эрх нь бий болсон. Нөгөө талаас 40 хувийн лимит байгаа. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй. Тэгээд Улаанбаатар хот болон орон нутгийн зээл нь нэгдсэн төсөвтөө орж явдаг. Тэгэхээр нөгөө талдаа хязгаарлагдмал болоод байгаа юм. Тийм учраас энэ асуудлыг Засгийн газартай дахин ярилцана.
-Хэрвээ бонд гаргавал олон улсын зах зээлд гаргах уу, эсвэл дотоодоо юу?
-Аль, аль нь нээлттэй байгаа.