Эхний ээлжийг энэ онд ашиглалтад оруулна

2014-03-18 00:00:00
Дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлснээс хойш жил гаруй боллоо. Энэ хугацаанд юу амжуулав?
-Нийслэлийн ИТХ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам баталж, гуравдугаар сард анхны байршлуудыг зарлан, газар чөлөөлөх ажил эхлүүлсэн. Иргэдтэй тохиролцон, гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх эрх авсан аж ахуйн нэгжүүд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Зарим аж ахуйн нэгж газраа авч, дөрөв, таван байшингийн суурь тавьсан, зарим нь нэг, зарим нь хоёр давхараа барьж эхэлсэн.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журамд өөрчлөлт оруулсан. Ямар дэвшилт зүйлс гарсан юм бол оо?
-Төсөл хэрэгжүүлэх явцад журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, 70 гаруй зүйл, заалттай байсныг нь 100 гаруй болгон, нарийвчилсан. Ингэхдээ иргэдийн саналыг сонсож, олон талаас нь авч хэлэлцсэн. Журмыг үйл ажиллагааны явцад байнга өөрчлөн, шинэчлэхээс өөр аргагүй. Бидний гаргаж байгаа дүрэм, журам иргэдэд давуу талтай, тэднийг хохироохгүй, эрх ашгийг нь хамгаалсан байгаа. Аливаа шинэ зүйл амьдралаас баяжиж, улам боловсронгуй болдог шиг цаашид журмыг улам боловсронгуй болгоно. Энэ удаа нэг жил хийсэн ажлынхаа туршлага дээр тулгуурлан, шинэчилсэн.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгдүгээр ээлжинд ажиллахаар шалгарсан компанийн зарим нь энэ онд эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулахаа амласан. Нийт хэчнээн айлын орон сууц ашиглалтад оруулах вэ?
-Нэгдүгээр ээлжийн компаниуд шинэ зүйл бий болгох, иргэдийн итгэлийг олох томоохон сорилт давж байгаа. Иргэдтэй тохиролцон, газар чөлөөлсний дараа барилгын ажлаа эхлүүлэх зэрэг маш олон бэрхшээлтэй тулгарсан. Бид ч тэднээс олон зүйл сурч, үйл ажиллагааныхаа журам, дүрэмд өөрчлөлт оруулахаас эхлээд нэлээд ажил амжууллаа. Энэ ажилд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй долоо хоног бүр уулзаж, юу нь болж байна, юу нь болохгүй байгаа, хотын захиргаанаас шийдэж өгөх зэрэг асуудлаа ярьдаг. Саяхан ээлжит уулзалтын үеэр компаниуд ажлаа эхлэхэд бэлэн, энэ онд 500, 800 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж янз бүрийн тоо хэлсэн. Ирэх сараас төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлаа эхлүүлж, энэ онд нийт 3000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулна.  
-Энэ онд найман газарт дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн. Нэлээд туршлагажсан тул энэ ондоо багтаан барилгын ажлыг эхлүүлэх боломжтой гэж бодож байна.
-Эхний ээлжинд бид 12 байршил тогтоосон. Оны босгон дээр нэмж, найман газарт дахин төлөвлөлт хийхээр болж, ажил гүйцэтгэх компаниудыг нь шалгарууллаа. Иргэдийн 51 хувь нь “Энэ компани болж байна”, “Манай газарт дахин төлөвлөлтийн ажил эхлэхэд татгалзах зүйлгүй” гэж зөвшөөрөх ёстой. Үүний дараа тухайн компани тухайн газарт амьдарч буй иргэдийн 75-аас дээш хувьтай газар дээр нь барилга барих гэрээ байгуулах ёстой. Компаниуд энэ шалгууруудыг давахад багагүй хугацаа зарцуулна. Өнгөрсөн жилийн энэ үед 12 байршилд дахин төлөвлөлт хийх нь яриа төдий байсан ч бид ажлаа эхлүүлж чадсан. Энэ жил найм газар байна. Бас өмнөх жилийг бодвол илүү туршлагатай болсон. Ингээд 20 гаруй талбар дээр дахин төлөвлөлт хийнэ. Энэ мэтээр уг ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэр хорооллыг барилгажуулж дуустал ингэж иргэний оролцоотой ажиллана.
-Төсөлд оролцох хүсэлтэй жижиг аж ахуйн нэгж, иргэн хүртэл бий гэсэн. Ийм хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих үү?
-Төсөл хэрэгжүүлэгчид “Ийм газар нэмж авмаар байна, хөрөнгө оруулагчидтай ярихаар ийм хэмжээний газартай бол хамтарч оролцъё гэж байна” гэх тохиолдол бий. Мөн ганц, хоёр нэгж талбар, хоёр хашаа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгж энэ ажилд оролцъё гэсэн хүсэлт тавьж байна. Дахин төлөвлөлтийг илүү далайцтай явуулахын тулд нэг байшин барья гэсэн хүнд ч зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Бид энэ мэтийн зүйлсийг нь харгалзан үзэх ёстой ч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд чадалтай, боломжийн туслан гүйцэтгэгч авч, энэ ажил хурдацтай явна.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд амины орон сууц барих сонголт бий ч иргэдийн олонх нь нийтийн орон сууцанд орох санал гаргаж буй бололтой.
-Амины орон сууцыг хэсэгчилсэн төлөвлөлтийн хүрээнд шийднэ. Төлөвлөлтгүй, замбараагүй байгаа хашааг эмх цэгцтэй, дэд бүтэцтэй болгоно. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд дэд бүтцийг нь шийдэж, амины орон сууцны хороололтой болгосон. Эхний загвар нь энэ. Энэ загвараар цаашид ажиллаж, амины орон сууцны хороолол бий болгож болно.
-Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлөх боломжгүй иргэдэд зориулсан орон сууц барихаар нийслэлийн Орон сууцны корпорац байгуулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Нийслэлийн ЗДТГ орон сууцжуулах чиглэлээр нэлээд анхаарч байгаа. Гэхдээ ажил удаан явж байгаа нь үнэн. Тиймээс орон сууцны бодлогыг нэг мөр болгож, боломжийн үнэтэй орон сууцаар иргэдийг хангах цаг ирсэн. Саяхан БНСУ-аас туршлага судлаад ирлээ. Тус улсад 1980-аад он хүртэл манайх шиг орон сууцны салбарт хувийн хэвшлийнхэн давамгайлж байсан юм билээ. Нэгдсэн бодлогогүй учраас маш удаан байж. Тиймээс орон сууцны корпорац байгуулж, уг үйл ажиллагааг зангидаж, төр, засаг нь авч явсан туршлага байна. Манайх ч ийм зам руу орохоос өөр аргагүй болсон. Энэ ажил одоогоор судалгааны шатанд байна.      
Эх сурвалж: Өнөөдөр сонин