С.Очирбат: Дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

2014-03-12 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбаттай ярилцлаа
-Өнгөрсөн жил хот байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар томоохон ажлуудыг хийсэн бэ. Энэ талаар яриагаа эхлэе?
-2013 онд нийт нэг их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн дэд бүтэц замын ажлыг оруулахгүйгээр шүү дээ. Мөн 2012 онд 60 орчим тэрбум төгрөгийн 200 гаруй төслийг он дамжин хийсэн байдаг. Харин өнгөрсөн жил 30 орчим ажлыг гүйцэтгэж дуусгалгүйгээр он дамжлаа. Эдгээр ажлыг нэгдүгээр улиралд багтааж дуусгана. Үүнээс гадна дулааны улиралд хийх шаардлагатай ажлууд бий. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс 220 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, өмнө нь хийж дуусаагүй болон зайлшгүй дуусгах шаардлагатай ажлыг хийнэ. Мөн 99 тэрбум төгрөгийн өртгөөр хийж байгаа ажил ч байна. Бид хамгийн гол нь “Аюулгүй Улаанбаатарыг”  бүтээхийн тулд хэв журам буюу цагдаагийн байгууллагыг хоёр хэлтэстэй өөрийн байр, унаатай болгосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд зориулж 85,7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас шийдэж өгөх зэрэг маш олон ажлууд хийлээ.
-Та нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хувиар сонгогдсон тойргынхоо  иргэдтэйгээ байнга уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа байх. Иргэд төлөөлөгч дээр ямар асуудалаар орж ирэх юм бэ?
-2014 онынхоо төсвийг иргэдээрээ хэлэлцүүлсэн. Иргэд маань цахилгаан, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэгийн асуудал, хүүхдийн тоглоомын талбай, утасгүй интернэт, худаг усны асуудал төдийгүй дэд бүтцийн асуудлаа шийдүүлмээр байна гэсэн хүсэлт тавьдаг. Энэ бүгдийг иргэдтэйгээ хэлэлцэж шийддэг тийм системд шилжиж байгаа.  Өнгөрсөн жил тойрогтоо нэлээдгүй ажлууд хийсэн. Тухайлбал, Дарь-Эхийн чиглэлд 4.6 км зам тавьж,  гэрэлтүүлгийн ажлыг ч  чамлахааргүй хийлээ. Цахилгааны асуудалтай айл өрхүүдийн асуудлыг шийдсэн. Сүхбаатар дүүргийн  ХV хороон дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн төдийгүй дүүргийнхээ XVII хороог хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтөд хамруулж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих хөрөнгийг нь шийдвэрлэсэн. Мөн энэ ондоо Шарга морьтын чиглэлийн 4,8 км замын ажлыг хийнэ.
-Нийслэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа хэрхэн биелүүлж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын орлого бол мэдээж нийслэлийн татварын орлогоор бүрддэг. Тэгэхдээ бас бусад эх үүсвэрүүд ч байдаг. Тодруулбал, гадаадын зээл тусламж, Азийн хөгжлийн банкны хөрөнгө болон олон улсын донор хотуудын хөрөнгө зэрэг байдаг. Бид хамгийн гол нь  эдгээр хөрөнгө  оруулалтыг зөв зохистой ашиглах хэрэгтэй.
-Азийн Хөгжлийн банкны зээлээр Баянхошуу, Сэлбэ орчмыг дэд төв болгон хөгжүүлэхээр болсон. Энэ ажил юу болсон бэ?
 -“Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий тө¬лөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийг найман дэд төвтэйгээр хөгжүүлэхээр тусгасан. Энэ ажлыг Азийн Хөгжлийн банкны 320 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Энэ дагуу эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ төвүүдийн ажлыг УИХ-аар хэлэлцүүлж, дэмжлэг авсан. Тиймээс энэ жил эхний ээлж болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн төлөвлөлт, барилгажилтын ажлыг эхлүүлэх зорилт тавиад байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжлээд явна. Хоёр дахь ээлжийн найман байршилд иргэдийн саналын дагуу дахин төлөвлөлт хийх ажлыг оны өмнөхөн эхлүүлэхээр болсон. 
-Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тендер сонгон шалгаруулалтын ажил дууссан уу?
-Бид арванхоёрдугаар сард төсвөө батлуулж, хөрөнгө оруулалтын асуудлаа хэлэлцсэн. Ингэхдээ нийслэл алийг нь,  дүүрэг алийг  нь хариуцаж хийхээ  ярилцаад эрх шилжүүлэх ажлаа шилжүүлчихсэн байгаа. Одоо бид үнэлгээний хороогоо байгуулна.  Дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхээр шахуу ажиллаж байна.  Энэ жил дандаа зурагтай ажлуудад хөрөнгө оруулалт хийсэн учир бүтээн байгуулалтад хүндрэл бэрхшээл гарахгүй байх гэж найдаж байгаа.
-“Амгалан” дулааны станцын ажил ямар шатандаа явж байна?
-“Амгалан” дулааны станцын эхний ээлж наймдугаар сарын 20 гэхэд ашиглалтанд орно. Ингэснээрээ ойр орчимдоо баригдаж байгаа дахин төлөвлөлтийн барилгуудыг дулаанаар хангаад эхэлнэ.
-Бас нэг томоохон бү¬тээн байгуулалт бол Авто ху¬далдааны цогцолбор барих асуудал. Энэ ажлын төсөв мөнгө батлагдсан болов уу?
-Энэ ажлын зураг төслийг хоёрдугаар сарын 28 нд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулсан ч зарим нэг зүйл дээр ойлголцлын зөрүүтэй зүйл гарсан. Тиймээс ИТХ-ын Тэргүүлэгчид эрхийг нь шилжүүлээд хяналт, боловсруулалт, тодруулгын ажил хийж дуусаад энэ ажлыг зохион байгуулна.
-Улаанбаатар метротой болох төсөл яригдаад байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид төслөө нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулаад Зам тээврийн яамтай ярилцаад Засгийн газарт хэлэлцүүлэх болж байгаа. Цаашдаа шалгууруудын дагуу Засгийн газарт хэлэлцээд явах байх.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр иргэд хэр идэвхитэй оролцож байна?
-Дахин төлөвлөлтийн хувьд хоёр ээлжийн 20 гаруй байршилд бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Хувийн хэвшлийнхэн болон иргэдийн зүгээс дахин төлөвлөлтөнд хамрагдах хүсэлтэй маш олон саналууд ирж байна. Өнөөдөр гэхэд  нийслэлийн лавлах 1200 утсанд Баянзүрх дүүргийн иргэнээс санал ирсэн. Өөрийнхөө мэдэлд байдаг газруудаа сургууль, цэцэрлэгийн зориулалтаар хотдоо өгье гэсэн иймэрхүү санаа ирж байгаа нь сайшаалтай байна. Ер нь бид дахин төлөвлөлтөнд хамрагдмаар байна. Дүрэм журмынхаа дагуу тохитой орон сууцанд оруулаад өг гэсэн санал санаачлага,  хүлээлт маш их байна. Ер нь бид аль болох л олон иргэдийг хамруулахаар зорьж байна. Дахин төлөвлөлтийн ажлыг хийж байгаа компаниудад хүртэл аль болох олон туслан гүйцэтгэгч ав гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Иргэдээс ирж байгаа санал бүрийг нэгтгээд ИТХ-аар оруулна. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтөнд орсон аж ахуй нэгж байгууллагатайгаа байнга холбоотой байдаг. Гуравдугаар ээлжийн дахин төлөвлөлт удахгүй батлагдах болов уу. Энэ тал дээр шуурхай ажиллаж байгаа.
-Өмнөх удирдлагуудын үеэс өдийг хүртэл гацаанд орчихсон нэг зүйл нь Сэлбэ голын тохижилт. Сэлбэ голын тохижилтыг энэ жил үргэлжүүлэн хийх үү. Төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгасан юм болов уу?
-Сэлбэ голын тохижуулах зорилгоор эхний ээлжинд 100 айлын гүүрнээс “Скай” дэлгүүрийн гүүр хүртэл ажлыг хийсэн байдаг.Тухайн үед хоёр компани нийлж орсон юм билээ. Гэтэл нэг компани нь ажлаа хийгээд дуусчихсан нөгөөх нь дутуу хийчихсэн байсан. Үргэлжлүүлээд хөрөнгө суулгах гэхээр учир дутагдалтай байсан. Бидний зүгээс шаардлагатай нэмэлт хөрөнгүүдийг гаргаж өгсөн. Гэвч хүний нүдэнд харагдахаар гоё болж чадсангүй. Тиймээс Туул, Сэлбэ, Улиастайн го¬луу­дыг тохижуулах ТЭЗҮ-г нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжил¬гээний хүрээлэнгээс боловс¬руулчихсан байгаа. Тиймээс удахгүй энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Шаардлагатай бол НИТХ-аар оруулна. Нэг ёсондоо Монголын нөхцөлд голуудаа тохижуулахад хувийн хэвшлийнхнийх нь чадамж ямар байгааг судална. Дэлхийн бусад улсын голуудаа тохижуулсан туршлагыг нь судлаад үзэхээр энэ асуудлаа иж бүрнээр харж төлөвлөдөг юм билээ. Тиймээс манайхан энэ хэмжээнд хүрч үү гэдгийг нь харж байж дараагийнх нь арга хэмжээг авах юм.
М.Янжинлхам
 
 
 
 

Эх сурвалж: Нийслэл таймс