Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ

2014-03-10 00:00:00
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжин Засгийн газрын баталгаа гаргахаар тогтлоо.
Энэ нь нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцаж, төслийн техникийн шийдэл, програм хангамжийн найдвартай ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хяналт тавина. Харин гүйтэтгэлийг "Слайд" ХХК гардан хэрэгжүүлэх юм.
Нийслэлд 24 компанийн 1000 орчим том оврын, жижиг оврын 700 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан, оюутан, цагдаагийн апбан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Жилээс жилд нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймд нийтийн тээврээр зорчиж буй дээрх иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна.
Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтой. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэдгар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэж, бэлэн бусаар төлбөр төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болно.