Ажил хийвэл ам тосдож, орон сууцтай болно

2014-03-06 00:00:00

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэгэн цагт “Залуучууддаа зориулж, ажил хийж, нийгмийн даатгал төлж л байгаа бол орон сууцтай болох боломжийг нээж өгнө” хэмээн амлаж байсан. Энэхүү амлалт удахгүй хэрэгжиж эхлэхээр болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн орон сууцны корпораци” байгуулах тухай асуудлыг бодитойгоор яриад эхэллээ. Одоогоор судалгааны шатандаа явж байгаа ч тун удахгүй уг хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх эхлэх бололтой. Ингэснээр ажил хийдэг ч хуримтлуулж чаддаггүй, урьдчилгаа төлбөрийн мөнгөгүй залуучууд нийслэлээс барьж өгөх орон сууцанд орох боломж бүрдэх юм. Ердөө 3-5 жил нийслэлийн орон сууцны санд мөнгөө хуримтлуулахад л хангалттай. Дараа нь шинэ орон сууцанд ороод, 15 жилийн хугацаанд орон сууцныхаа төлбөрийг төлж дуусгана гэсэн үг.

Тодруулбал, иргэд ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа бол сар бүрийн цалингаасаа тодорхой хувийг нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлнэ. Ингээд төлсөн мөнгөнөөсөө хамаараад 3-5 жилийн дараа 2-3 өрөө шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авна. Нийслэл таниас төвлөрүүлсэн мөнгөөрөө таньд орон сууцыг чинь барьж өгнө гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд нэг эргэлзээ төрж байгаа нь “Төр миний мөнгийг аваад өөр зүйлд хэрэглээд, үрээд, устгачихвал яах вэ” гэх. Манайх шиг ил, тод байдал төдийлөн бүрдэж чадаагүй улс оронд ийм зүйл болохгүй гэх газаргүй. Гэхдээ нийслэлийн Засаг дарга үүнд анхаарал хандуулжээ. Өөрөөр хэлбэл, иргэд сар бүр дансандаа төвлөрүүлж буй мөнгөө өөрөө хянах боломжтой. Мөн мөнгө төвлөрүүлэлт нэг удаа л тасалдвал шууд гэрээ цуцлагдана. Ингээд тухайн иргэн төвлөрүүлсэн мөнгөө эргүүлэн авах боломжтой байх аж.

Сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ эрс өсөж байгаа. Тэгвэл Төрийн орон сууцны корпораци хямд үнэтэй орон сууц барьсан. Үүнтэй адилаар нийслэлээс барьж, байгуулах орон сууцнууд ч хямд үнэтэй байна гэдгийг нийслэлийн удирдлагууд амлаж байна. Учир нь нийслэлийнхний хувьд хамгийн гол зардал болсон газар нь үнэгүй байгаа учраас хямд байх бүрэн боломжтой аж. Түүнчлэн орон сууцны хорооллын бусад дэд бүтэц, зам харилцаа, халуун хүйтэн ус зэргийг төсвөөс санхүүжүүлэхээр ярьж байгаа юм байна. Ийнхүү санхүүжүүлсэн мөнгөө төр урт хугацаандаа иргэдийн халуун хүйтэн ус, гэрэл цахилгааны төлбөрөөс эргүүлэн олж авна. Түүнээс биш орон сууцанд орох үед инженерийн шугам сүлжээнд холбосон мөнгө гэх нэмэлт зардал орон сууцны үнэд шингэхгүй гэж байна. Орон сууцны үнийг бүрдүүлж буй хамгийн гол хоёр зүйлийг төр ийнхүү хялбараар шийдэж байгаа юм. Тийм учраас нийслэлийн орон сууц хямд, чанартай байх бүрэн боломжтой болов уу. 

Товчхондоо бол төр залуучууддаа жинхэнэ утгаар нь боломж олгож байна. Цаашдаа зөвхөн нийслэл ч гэлтгүй Төрийн орон сууцны корпораци ч орон сууцны хорооллууд барина. Зэрэгцээд нийслэлийнхэн ч иргэдээс төвлөрүүлсэн мөнгөөрөө орон сууц бариад эхэлбэл, гэр хорооллыг орон сууцжуулж, утаанаас салахад хамгийн бодитой ажил болох биз ээ. Хамгийн гол нь үүн дээр залуучууд маань ажилтай, орлоготой л байх хэрэгтэй. Тогтвортой ажлын байртай, цалинтай, сар бүр цалингаасаа ирээдүйд өөрийн болгох орон сууцныхаа төлөө хэдэн цаас өгөхөд болохгүй нь юу байх билээ. Үнэндээ мөнгөө банкинд хадгаллаа гээд тийм ч өндөр хүү байхгүй. Дээрээс нь хүний хэрэглээ хязгааргүй юм хойно, ямар нэгэн байдлаар хадгаламжаасаа мөнгө авч л таарна. Тийм ч учраас урьдчилгаа төлбөрийг цалингаараа цуглуулна гэдэг залуучуудын хувьд бараг л боломжгүй зүйл болчихоод байгаа юм.

Орон сууцанд орохуйц хэмжээний хангалттай цалинтай ч хуримтлал үүсгэж чадахгүй байгаагаас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд олон бий. Тэдгээр хүмүүсийн хувьд нийслэлийн орон сууцны сангийн хөтөлбөр маш том боломж нээж өгч буй биз ээ. Ажил хийвэл ам тосдож, орон сууцтай болно оо гэж.


Эх сурвалж: www.eagle.mn