“Эмэгтэйчүүдийн дүр төрх” Стрийт арт бүтээлийн нээлт болно

2014-03-05 00:00:00
Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг  Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд”  ТББ,  Нийслэлийн Соёл урлагийн газар- тай хамтран бүтээжээ. Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг 20 гаруй залуу уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээрээ сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн бөгөөд уг бүтээл нь Улаанбаатар хотын өнгө төрхөд давтагдашгүй нэгэн үзэмжийг нэмэх юм.
Арт- Активизм- Артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа юм.  Энэ нь орчин үеийн урлагийн нэг хэлбэр бөгөөд олон нийтийн ялангуяа залуусын анхаарал, сонирхлыг татахуйц шинэлэг илэрхийлэл болдог байна.  Энэ аргын онцлог нь олон нийтийн дунд шууд ярихад таагүй боловч маш чухал сэдвүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний анхаарлыг хандуулж, өөрчлөлтөд уриалдагт оршино. Бүтээлийн нээлт өнөөдөр /03 сарын 05/ 11 цагаас Сансрын туннелийн зүүн талын шинэ нүхэн гарцанд болно гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.