Худалдан авах үйл ажиллгаанд оролцож хяналт тавих хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2014-02-25 00:00:00
Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний дүнд иргэд өөрийн дүүрэг, хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг ямар компаниар хийж гүйцэтгүүлэх сонголтыг хийлцэн Үнэлгээний хороонд орж ажиллах, үүнийхээ төлөө урамшуулал авч үнэлүүлэх, улмаар уг ажлын хэрэгжилтийн үе шатанд хяналт тавин оролцох боломж бүрдсэн. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хувьд нийслэлийн иргэдийн оролцоо, хяналтыг дэмжин дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх сургалтад хамруулах, урамшууллыг олгохын зэрэгцээ дүүрэг, хороонд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад харьяа оршин суугч иргэдийг хамруулж ажилладаг болсон. 
Иймээс Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөллийн уулзалт семинарыг 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 0900-1300 цагийн хооронд Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Авто зам, гүүр, дулаан хангамж, барилгын инженер, технологич, эдийн засагч, экологич зэрэг мэргэжлээр ажилласан туршлагатай, өөрийн дүүрэг, хороонд хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад гар биеэ оролцох, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах сонирхолтой нийслэлийн иргэд та бүхэн 75757810 утсаар холбогдон бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.