НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан Баасан гарагт болно

2014-02-24 00:00:00
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2 сарын 24/ болж хуралдаанаар НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай, НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдаа, үйлчилгээний газруудыг нэгтгэж шинэ төлөвлөлтийн дагуу авто худалдааны цогцолбор байгуулахаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны хуралдаанаар  цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Харин энэхүү төвийг барьж байгуулах, үйл ажиллагааг нь хэрхэн тогтмолжуулах талаар НИТХ-ын  ээлжит 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.   
 
2012 оны 02/05 дугаар тогтоолоор НИТХ-ын  хуралдааны дэгийг шинэчлэн баталсан бөгөөд шинэчилсэн дэгээр НИТХ сар бүр тогтмол хуралдаж байгаа юм. НИТХ-ын хуралдаан байнгын ажиллагаатай болсноор НИТХ-ын хуралдаанд асуудал өргөн барих, санал авах, өгөх  зэрэг зарим үйл ажиллагааг тодорхой болгох шаардлагатай болсон байна. Тиймээс НИТХ-ын даргын тушаалаар НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал авах, боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь НИТХ-ын ажлын алба, НИТХ-ын хуралдаанд суудалтай намын төлөөллөөс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй юм. НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар ажлын хэсгээс оруулсан саналын дагуу НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.