Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ

2014-02-20 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Ноён Азизов Искандер Кубарович нь 2013 оны 11-р сараас ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар талууд цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ноён Азизов Искандер Кубарович хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье гээд “Манай 2 улс хэзээнээсээ хөршийн, нөхөрсөг сайхан харилцаатай байж ирсэн. Тиймээс цаашид 2 улсын тухайлбал ОХУ, Улаанбаатар хоттой харилцах урьдын харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гарсан тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОХУ бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг өнөөдрийн түвшинд их хот болон өргөжин хөгжихөд ОХУ-ын ард түмний дэмжлэг, туслалцаа ихээхэн чухал үүрэгтэй байсан гэдгийг бид үргэлж санаж явдаг. Тиймээс ч энэ харилцааг үргэлжлүүлэх нь бидний үүрэг. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний туслалцааг авах болно. Мөн хил залгаа хотуудтай харилцаа, хамтын харилцаагаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцлон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.