Б.Эрдэнэбат: Гэр хороолол гэрэлтэж эхэллээ

2014-01-23 00:00:00
Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг орчин үеийн хэв маягт нийцүүлж гэр хороолол, гудамж бүрийг гэрэлтэй болгоно гэж жил бүр ярьдаг. Ялангуяа нийслэлийн захын гэр хорооллынхон харанхуй гудамжинд айдаст автан амьдардаг нь нууц биш. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан захын гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжинд шинээр гэрэлтүүлэг тавьж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны инженер байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хороололд гэрэлтүүлэг тавьж эхэлсэн. Аль дүүргүүдэд тавьж байгаа вэ?
-Нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон. Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг асаах , гэрэлтүүлэггүй гудамжид шинээр гэрэлтүүлэг тавих зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Иргэдийн аюулгүй, тайван амгалан байдлыг хангах зорилгоор гэрэлтүүлэг тавьж эхэлж байна. Эхний ээлжинд гэрэлтүүлэггүй, гэмт хэрэг их гардаг газруудыг судалгааны үндсэн дээр сонгон авсан. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн I, II гудамж, Улиастайн хуучин эцэст 43, Хан -Уул дүүргийн VI хороо Алтат нүхт гудамж 30, Баянгол дүүргийн X, XVI хороонд 70,Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, “ Мон -лаа ”- гийн гудамж, Баянхошууны зарим гудамжинд 155 гэрэлтүүлэг шинээр тавьж байна . Нийт 300-аад гэрэлтүүлэг тавина.

-Дүүргүүдийг ямар шалгуураар сонгосон бэ. Үлдсэн дүүргүүдэд хэзээ тавьж эхлэх вэ?
-Санал асуулгууд олон янзаар ирдэг. Дүүрэг, хороо болон иргэдээс “Манай хороонд гэрэлтүүлэг тавьж өгөөч” гэсэн хүсэлт байнга ирдэг. Бидний зүгээс ч аль дүүргийн ямар хороонд гэрэлтүүлэггүй байгааг судалж үздэг. Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн гаралт их газруудын судалгааг үндэслэн эхний ээлжинд дээрх дөрвөн дүүргийг сонгон авч гэрэлтүүлэг хийж байна. Гэрэлтүүлэг тавиад хэд хоноогүй байхад, хагалж, шон дээр нь зар тавьдаг тохиолдол их гардаг. Жолооч нар гэрэлтүүлгийн шонг дайрч эвдэлдэг. Нэг шон эвдрэхэд бүгд холбоотой байдаг учраас бусад нь ч ажиллахаа больдог. Сүхбаатар дүүрэгт гэхэд л энэ долоо хоногт зургаан шон дайрч унагасан. Жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй байна. Нэг хэсэг нь улс орноо хөгжүүлэх гээд бүтээн байгуулалт хийгээд байхад нөгөө хэсэг нь эвдэлж сүйтгээд байж болохгүй шүү дээ. Тиймээс иргэд ая тух, амгалан тайван нөхцөлийг хангаж байгаа гэрэлтүүлгээ хайрлан хамгаалж амьдрах хэрэгтэй .

-Лед гэрэл тавьж байгаа гэсэн. Бусад гэрэлтүүлгээс онцлог давуу талыг нь тодруулаач?
-Улаанбаатар хотын хэмжээнд 28 мянган гэрэлтүүлэг байдаг. Олон жилийн өмнө тавиад эвдэрсэн, кабел шугам нь гэмтэлтэй гэрэлтүүлгийг шинэчилж байна. Одоогоор Баянхошууны шинэ эцсийн орчмын гэрэлтүүлэггүй найман гудамжид 50 Вт-ын хүчин чадалтай лед гэрэлтүүлгийг хийж эхлээд байна. Зам талбайн гэрэлтүүлгийг нарийн зураг төслийн дагуу хийдэг ажил. Гэрлийн шонгийн өндөр, гэрлийн чадал, гэрлийн шонгийн хоорондын зай гэх мэт хоорондоо пропорциональ харьцаа бүхий үзүүлэлт их чухал байдаг. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжинд байгаа гэрлийн шон дээр шууд суурилуулж байгаа. Лед гэрэлтүүлэг нь харьцангуй үнэтэй, бусад гэрлээс хүчин чадлын хувьд ч сайн. Иргэдийн яриад байгаа шиг олон хүн явж байхад илүү тод асч , ганцаараа явж байхад бүдэгхэн асдаг гэсэн юм байхгүй.

-Энэ онд нийслэлийн гэрэлтүүлэгт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Одоо гэрэлтүүлэг тавьж байгаа дөрвөн дүүрэгт хэдэн төгрөг зарцуулсан бол?
-2014 онд нийслэлийн есөн дүүрэгт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ онд нийт 15 мянга гаруй гэрэлтүүлгийг үе шаттай хийнэ . Дээрх дөрвөн дүүргийн гэрэлтүүлэгт нийт 66 сая төгрөг зарцуулна.

-Гэрэлтүүлгийг хэдээс хэдэн цагийн хооронд асааж байна вэ?
-Сургуулийн автобус эрт явдаг. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 17:30-20:00 цаг хүртэл асааж байгаа.

-Нийслэлийн төв хэсэгт гэрэлтүүлэг түлхүү тавьдаг. Алслагдсан дүүрэгт гэрэлтүүлэг тавьдаггүй гэх гомдол иргэдийн зүгээс тасардаггүй?
-Нийслэлийн бүх дүүрэг, хороонд гэрэлтүүлэг тавина. Эхний ээлжинд гэмт хэргийн гаралт ихтэй газруудыг сонгон авч тавьж байгаа. Гэрэлтүүлэггүй гудамж, талбайн судалгаа хийсэн. Зураг төсөл нь хийгдээд явж байна. Ямар ч байсан энэ онд бүх дүүрэг, хороо, гудамж, талбайд 15 мянган гэрэлтүүлгийг суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүх дүүрэгт гэрэл суурилуулах учраас иргэд санаа зоволтгүй тайван байж болно. Хотын төвдөө илүү ач холбогдол өгөөд гэрэлтүүлэг тавиад байгаа юм байхгүй. Гэр хороололд ч гэрэлтүүлэг түлхүү тавьж байна.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн гэрэлтүүлэг сурилуулсан бэ. Эвдрэл, гэмтлийг хэрхэн хариуцан ажилладаг вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 28 мянга гаруй гэрэлтүүлэг байгаа. Гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг долоон компани хариуцан ажилладаг. Асахгүй, эвдэрсэн тохиолдолд цаг тухайд нь очоод засдаг. Захирагчийн ажлын албанаас ч хяналт тавьдаг.