Н.Гантөмөр: “Метро” улсын үйлдвэрийн газар байгуулна

2014-01-17 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөрийг “Ярилцах танхим”-даа урилаа. 

-Гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажил хийж байна. Энэ ажил хэр үр дүнтэй байгаа вэ?
-Гэр хорооллыг тохилог орон сууцаар хангах нь 2012 оны гол мөрийн хөтөлбөр болсон. Энэ ажлыг Иргэдийн хурлын даргаараа ахлуулаад хоёр дахь жил рүүгээ орж байна. Өнгөрсөн онд нэлээн эрчимтэй хийсэн. 

Одоогоор хорин байршилд гэр хорооллыг орон сууцжуулахаар тогтоод байна. Эхний төлөвлөлтөөр 12 байршлийг тогтоосон бол сүүлд найман байршил нэмэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн V хороо, дүүргийн орчим, Толгойт, Дэнжийн мянга, Амгалан гээд найман газарт орон сууцны хороолол нэмж баригдахаар боллоо. 

-Орон сууцны хорооллын ажил эхэлсэн ямар газрууд байна вэ. Хэдийд эхнээсээ ашиглалтад орох уу?
-Эхний ээлжийн орон сууц энэ намраас ашиглалтад ороод эхэлнэ. Бариад эхэлсэн орон сууцны хороолол нь Хайлааст байна. Амгалангийн XII хороо, Хууль сахиулах их сургуулийн орчим орон сууцны хороолол баригдаж байгаа. Мөн 100 айлын барилгын дэлгүүрийн орчимд сууриа цутгаад энэ жилээс барилга эхнээсээ ашиглалтад орох байх. Ханын материалд “Хера констракшн” компанийн барьж байгаа орон сууцны хорооллын ажил сайн явж байна. Нийт зургаан газар шав тавиад, барилгын ажил эхэлж нэг, хоёр давхар нь баригдсан. 

-Орон сууцны ам.метрийн үнэ ямар байх бол?
-Эхний удаа газраа чөлөөлж өгсөн айлууд орон сууцанд орж таарна. Үлдсэн орон сууцаа компаниуд зарах байх. Тухайн үеийн зах зээлийн ханшаараа орон сууцаа борлуулах ёстой. Түүнээс тийм үнээр зар гэж нийслэл оролцох эрх байхгүй. Энэ асуудал дээр нэмж хэлэхэд,  манай өөрийн үндэсний компаниуд гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол гадаадын барилгын компаниуд орж ирээд орон сууцнуудын барилгын ажлыг хийхээр бид бүх өмч хөрөнгөө бусдад алдана. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдлаа алдах эрсдэлтэй. Мөнгөтэй нэг нь хөгжимөө захиалдаг, бусдыг худалдаж авдаг, үзэл бодлоо тулгадаг үе. Тиймээс өөрийн үндэсний компаниудыг дээрх төсөлд түлхүү хамруулах, компаниудаа дэмжих ёстой. Барилгын материалын үйлдвэрүүдийг олноор нь бий болгох, төр энэ тал дээр бодлого гаргаж, эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй. 

-Хотын захиргааны байрыг Ханын материалд барих ажил хэзээнээс эхлэх вэ?
-Зураг төслийг нь хийж байна. Хангарьд ордныг хувийн хэвшилд өгөөд төрийн байгууллагууд нь түрээслэдэг хэлбэрийг сонгоё гэж Ерөнхийлөгчийн зарлиг сая гарлаа. Тийм учраас яаравчлах шаардлага байна. 

-Ерөнхийлөгчийн зарлиг уу?
-Тийм.

-Хувьд шилжүүлчихээд төр эргээд  түрээслэнэ гэхээр хохиролтой биш үү. Төр эзэмшилдээ байлгаад ашиглавал болдоггүй юм уу?
-Харин ч ашигтай шүү дээ. Төр өөрөө энэ байрыг түрээслээд явахаар ашиггүй байна. 

-Хангарьд ордны байрыг хувьд хэрхэн шилжүүлэх юм? 
-Дуудлага худалдаанд оруулна. Хотын захиргааг яаралтай нүүлгэх ёстой болж байна. Ханын материалд хотын захиргааны байрыг барина. 2015 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. 

-Автомашины захуудыг хотоос нүүлгэнэ гэж ярьсан. Энэ үнэн үү?
-Дан ганц захуудыг нүүлгэх гэхээсээ илүүтэй худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг стандартын дагуу барьж байгуулах ажлыг зохион байгуулмаар байна. Эхний ээлжинд хотын даргын захирамж гараад нийслэлээс зайдуу автомашины худалдааны  төв барихаар болсон. Одоогийн байдлаар автомашины 7000 ил зогсоолыг нүүлгэн шилжүүлэх, ил автомашин худалдаж байгаа цэгүүдийг 22-ын товчоон дээр авчирах ажил хийх юм.

Хоёрдугаар үе шатанд хотоос зайдуу томоохон 14 төв барина. Тэр нь дандаа олон улсын үзэсгэлэн худалдаа, яармаг зохион байгуулагдах худалдааны төвүүд байна. Манай улсад машин үйлдвэрлэгч бүх брэндүүд орж ирсэн байгаа юм. Тэдгээр автомашиныг үзэсгэлэн худалдаагаар борлуулдаг, компаниуд бараагаа сурталчилдаг байхаар тооцсон. ОХУ-аас манайд ирж автомашин худалдаж авах нь элбэг байдаг юм билээ. 

Мөн автомашины сэлбэгийн худалдааг 130 га-д зохион байгуулахаар төлөвлөсөн.  Хотын төвд автомашин болон сэлбэгийн худалдаа байхгүй болоод ирэхээр түгжрэл багасна. Түгжрэл 40 орчим хувиар буурна гэж төлөвлөж байгаа. Худалдааны төвүүдэд төрөл бүрийн худалдааны зах зээлийг төвлөрүүлэх ёстой. Дан ганц автомашины сэлбэг хэрэгсэл гэхээсээ илүүтэй  хүнс барааны лангуу гаргаад ажиллуулах хэрэгтэй байна. 

Тухайлбал, цагаан сар болох гэж байгаа энэ үед цагаан идээ, хүнсний зүйлүүдийг зараад эхэлбэл хэрэглэгчид хотын төв рүү орж бөглөө үүсгэхгүй. Дээр нь ууц, махны худалдаа олширдог. Энэ зах зээлийг тийш нь төвлөрүүлнэ. Дан автомашин зараад байж болохгүй. Стандарт норм тэнцсэн хүнсний баталгаат худалдааг явуулах, төвлөрүүлэх шаардлагатай. Архангайн Чулуут сумаас гэхэд 20 машин цагаан идээ ирсэн байна билээ. Тэр цагаан идээг 22-ын товчоон дээр хүлээж аваад тэнд нь борлуулчихдаг цэг байвал сайн шүү дээ. Цагаан сард зориулаад нийслэл хотын хэмжээнд 10 газар цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр замын түгжрэлд нөлөөлнө.

-Хотоос зайдуу учраас иргэд тийшээ очиж үйлчлүүлэх нь хомс биш үү?
-Тийш нь нийтийн тээврийн автобус явуулна. Наадмын өмнө гэхэд эхний ээлжийн ил 14 мянган автомашины зогсоолыг барьж дуусгана. Наадмын дараагаар 14 объект дээрээ дуудлага худалдаа явуулаад, дараа жилээс сэлбэг худалдаалдаг төвүүдийг бий болгоё гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр тэнд ямар ч түгжрэл үүснэ гэсэн ойлголт байхгүй. Хот ирээдүйд баруун тийшээ, Сонгинохайрхан дүүрэг тал руугаа тэлэх дүр зураг харагдаж байна. Сонгинохайрхан дүүрэгт хотын захиргаа баригдахаас гадна дээрх худалдааны төвүүд баригдана. 

-Нарантуул гэх мэт томоохон захуудыг нүүлгэх үү?
-Зах зээлийнхээ хуулиар явна л даа. Нүүлгэн шилжүүлэх, хөөх тухай бол ярих нь оновчгүй юм. Түүний цаана маш олон хүний амьдрал, мөнгө цаастай холбоотой асуудал байдаг. Тэгэхээр томоохон бэрхшээлтэй тулгарна шүү дээ. Нарантуул захын хувьд нэг талдаа дөрвөн том худалдааны төвтэй болно. Одоо байж байгаа худалдаа эрхлэгчдээ тийш нь оруулна. Мөн 5000 айлын орон сууцны хороолол барих төлөвлөлт хийсэн байгаа. Хавраас энэ ажил эхлэх юм. Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь хийчихсэн, батлагдахаар ажил нь эхэлнэ. Тэгэхээр зах зээл хуучин хуулиасаа өөрчлөгдөөд байна л даа. Нэг хэсгийг нь хөөж гаргаад яах юм. Одоо байгаа Нарантуул зах дээр тохилог орон сууц бариад иргэдийн тав тухыг хангасан үйлчилгээний төв болох шаардлагатай байна. 

-Зөвшөөрөлгүй 80 гаруй барилгыг үргэлжлүүлэн барихыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглосон. Гэсэн ч барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа компаниуд байгаа юм билээ?
-Бид тухайн барилгуудыг шалгаж үзээд зөрчлийг нь арилгасан. Гэхдээ энэ асуудлыг би сайн мэдэхгүй. Миний хүрээний ажил биш. Дэд бүтцийн хувьд дээрх барилгууд  ямар ч асуудал байхгүй. Барилга барих, эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар хариуцдаг. Тэр хүн энэ талаар хэлэх байх. Ер нь бол манайх 16 давхар хүртэлх барилга барих эрхийг өгч байгаа. Орон сууцыг 16 давхараас дээш барих бол хотын захиргаа түүнд нь оролцохгүй, яам зөвшөөрөл өгнө. Уг нь хотод 40 ч бай хэдэн давхар барилга барих эрхийг нийслэлийн захиргаа өөрөө мэддэг баймаар байгаа юм. 

-Тухайлбал, Хов аймгийн Хөгжлийн төлөө төвийн тэргүүн Ш.Адьшаагийн Баянгол дүүрэгт баригдаж байгаа эмнэлгийн барилга, дээрх 80 барилгын жагсаалтад орсон ч барилгын ажил үргэлжилсээр одоо ашиглалтад орж байх шиг байна?
-Би тэрийг мэдэхгүй. Би барилгын дэд бүтцийг нь хариуцдаг. 

-Урт цагааны барилгыг нураах тухай ярьдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа юм бэ?
-Шүүхийн маргаантай байгаа. Нийслэлээс энэ барилгыг нураагаад шинээр төлөвлөх санал орсон. Томоохон түрээслэгчид Урт цагааны барилгад хөрөнгө оруулаад засвар хийчихсэн. Тэдний хөрөнгийг шийдэж байж энэ асуудал нэг тийш болно. Түрээслэгчид оруулсан хөрөнгөө олж авна гээд шүүхдээд, түүнийг нь хотын захиргаа өгч чадахгүй гээд байгаа.

-Нийслэл хот метротой болохоор төлөвлөж байгаа. Энэ ажил хэр урагштай вэ?
-Барилгын ажил 2016 онд эхлэх юм. Хот тэгж төлөвлөсөн. Метро барихад 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Үүний 600 сая ам.долларыг нь Японы Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр өгье гэсэн. Мөн Монголын Засгийн газар 700 сая ам.долларыг гаднаас зээлээр авах юм. Үлдсэн 200 сая ам.долларыг хувийн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулахаар болсон. Хот төсөвтөө энэ жил метро барихад гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг геологийн судалгаа, нарийвчилсан үнэлгээнд зарцуулна. Мөн “Метро” улсын үйлдвэрийн газар байгуулах юм. 2016 онд бүх тендер, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн эх үүсвэрүүд бий болно. Тэгээд 2016 онд барилгын ажил нь эхлээд 2020 онд дуусна. Метроны 16.6 км зам тавих юм. Тэрний 6.6 км нь газар доогуур явах ёстой. Газар доорх зам нь 25 дугаар эмийн сангаас эхлээд Зүүн дөрвөн замын уулзвараар гарч ирнэ. Ийм байдлаар төлөвлөж байгаа. 

-Нийслэлийн оршин суугчдын тоо нэмэгдэж байгаа гэдэг. Хот хэчнээн хүн амтай юм бэ?
-Ойролцоогоор нэг сая 300 мянга орчим хүн байнга оршин сууж байгаа. Жилээс жилд оршин суугчдын тоо нэмэгддэг. Өвлийн ид ачааллын үеэр хөдөөнөөс бүгдээрээ шахуу ирж байна.