Улсын төсвөөр энэ онд нийслэлд дөрвөн сургууль, долоон цэцэрлэг шинээр барина

2014-01-07 00:00:00
Өнгөрсөн онд нийслэлийн төс­вийг иргэдийн оролцоотойгоор баталсан. Ингэхэд иргэдийн дийлэнх хувь нь сургууль болон цэцэрлэг шинээр барих асуудлыг төсөвт суулгахыг дэмжиж байсан билээ. Үүнтэй холбогдуулж нийс­лэлийн Боловсролын газраас энэ жил нийслэлд нийт 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болжээ. Тус барилгын санхүүжилтийг улсын болон нийслэлийн төсвөөр шийдэх юм байна. Үүнээс 22 нь сургууль, цэцэрлэг байх бөгөөд 16 нь хотын шинэ төлөвлөлтийн дагуу цогцолбор байдлаар барихаар төлөвлөжээ. 

Нийслэлийн Боловсролын газ­раас улсын төвсөөр 34 барилгыг барих бөгөөд үүний 23 барилгын ажил он дамжин шилжиж байгаа аж. Тодруулбал, үүний найм нь сургууль, 12 барилга нь цэцэрлэгийн барилга байна. Харин дотуур байр нэг, спорт заал хоёр байгаа юм. Үүнээс гадна энэ онд улсын төсвөөс шинээр нийт 11 барилга барихаар тусгасан бөгөөд үүнээс сургууль дөрөв, цэцэрлэг долоо байхаар төлөвлөжээ.   

Ийнхүү барилгын ажилд нийслэлийн төсвөөс сургууль, цэцэрлэгийн 16 барилгын ажлыг гүйцээх гэнэ. Үүнд нийслэлийн 20 болон 40 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажил багтжээ. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны хоёрдугаар сургууль багтсан байна. Уг сургууль нь 302 суудалтай байхаар тусгагджээ.  Харин Сүхбаатар дүүргийн тавдугаар сургуулийг буулгаж 240 ор бүхий цэцэрлэг барьж, Хан-Уул  дүүргийн наймдугаар хороонд 240 ор бүхий шинэ цэцэрлэг барих аж. Тус дүүрэгт шинээр цэцэрлэг барьснаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших бүрэн боломжтой болох юм. Харин энд оны төсөвт шилжих найман сургууль болон цэцэрлэ­гийн барилгыг нийслэлийн төсөвт  суулгасан байна.  

Э.Баярмагнай: Актлагдсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг энэ ондоо багтааж шийднэ 
 
Энэ онд барих сургууль, цэ­цэрлэгтэй холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэр­гэжилтэн Э.Баярмагнайгаас цөөн асуултад хариулт авлаа. 
-Энэ онд он дамжсан болон шинээр хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг барина. Эдгээр барилгыг хуучин ашиг­лалтаас гарсан барилгуудын суурин дээр барих уу? 
-Мэдээж ашиглалтаас гарсан барилгын суурин дээр барих шаардлага байна. Үүнээс гадна бид шинэ газар, зураг төслийг нь шинээр гаргах гэх мэтээр төлөвлөгөө гаргаад байгаа. 

-Иргэдээс ихэвчлэн нийслэ­лийн зах руу сургууль, цэцэрлэг байхгүй гэсэн гомдол ирдэг. Энэ онд шинээр баригдах барилгуу­дын төлөвлөгөөг хаагуур байхаар төлөвлөсөн юм бэ? 
-Манай улсын хувьд гэр хороолол буюу нийслэлийн захаар  сургууль болон цэцэрлэг хүрэлцээгүй байдаг гэдэг шүү дээ. Энэ ч утгаараа энэ онд төлөвлөгөөний дагуу нийслэлийн зах руугаа барилгын ажлыг гүйцэтгэх юм. 

-Ашиглах боломжгүй, акт­лагдсан барилгууд бий. Эдгээ­рийг хэзээнээс буулгаж, барил­гын ажлыг эхлүүлэх вэ? 
-Үйл ажиллагаа нь зогссон нийт дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг бий. Үүнээс  хоёр барилгыг улсын төсвөөр буулгаж, барих асуудлыг шийдсэн. Үүнд Баянгол дүүргийн 57, 46 дугаар цэцэрлэг багтсан байна. Бусад найман сургууль, цэцэрлэгийн асуудлыг ч энэ онд багтааж шийдвэрлэнэ. 

-Энэ онд барих сургууль, цэцэрлэгийн барилгад нийт хэчнээн төгрөгийг суулгасан байгаа вэ?
-Дээр хэлсэнчлэн нийслэлийн төсвөөс энэ онд 16 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн байгаа. Үүнд 17.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс найман барилга нь шинэ, найм нь он дамжин шилжих барилгууд байгаа юм. Ингээд нэг барилгад ногдох төсвийг дунджаар  2.2 тэрбум гэж тооцсон. Харин улсын төсвөөс шилжих барилгад есөн тэрбум 550 сая төгрөг, энэ оны санхүүжилт зургаан тэрбум 639 сая төгрөг байна. Улсын төсвөөс энэ онд шинээр баригдах сургууль болон цэцэрлэгийн барилгын ажлын төсөвт 21 тэрбум 175 сая төгрөг, санхүүжилт 12 тэрбум 925 сая төгрөг болохоор байна. 
-Сургууль, цэцэрлэгийн ба­рилгаас гадна дотуур байр барина гэсэн. Аль сургуульд барих юм бэ? 
-Энэ онд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлаас гадна бусад цогцолборт тодорхой төсвийг суулгаж өгсөн. Энэхүү дотуур байр 25 дугаар тусгай сургуулийн харьяа баригдах юм.
                                                                                                                         Т.БОЛОРЦЭЦЭГ