Багануур дүүрэг алслагдсан хороодынхоо усан сангийн асуудлыг шийджээ

2013-12-18 00:00:00
Багануур дүүрэгт энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 28 төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Оны эхэнд иргэдээсээ асууж, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлснээс алслагдсан хоёрдугаар хороо, гуравдугаар хорооны Хилчин хэсгийн иргэдээс усны хангамжийг сайжруулах санал гарч байсан байна. Тиймээс энэхүү саналыг ажил хэрэг болгон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус бүр 30 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн усан санг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Хоёрдугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж байсан зөөврийн усан сан 30 гаруй жил болж, элэгдэлд орсон, байнга хөлддөг гэсэн гомдол иргэдээс ирдэг байсан бол шинэ усан сан ашиглалтад орсноор газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг тус хорооныхны хувьд усны гачигдалд орохооргүй болж байгаа аж.