Б.ЦОГНЭМЭХ
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ыг Улаанбаатар хотод анх удаа өнгөрсөн хавар амжилттай зохион байгуулсан. Дэлхийн 103 орны 1000 гаруй зочин, төлөөлөгч нэгэн дор чуулсан энэ бага хурлыг тохиолдуулж нийслэл хотын өнгө төрхийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг дээр дооргүй л оволзуулсан. Үүний нэгээхэн хэсэг болсон хотын шинэ гэрэлтүүлгийг өнгөрсөн зургадугаар сарын 22-нд их эзэн Чингисийн талбайд нэгэн зэрэг асаасныг уншигч олон санаж байгаа байх. Энэхүү их үйлсийн гардан гүйцэтгэгч “Сентино лайтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.БАТХИШИГТЭЙ ярилцлаа.
-Дэлхийн том хотуудын адилаар LED гэрлээр хотын төв орчмыг чимээд багагүй хугацаа өнгөрчээ. Хот маань ч өнгө ороод хүмүүс ам сайтай болсон. Гэхдээ сайны хажуугаар саарыг ч цухалзуулж байсан шүү?
-Бид дэлхийн мундаг том дарга нар, хүндтэй зочдыг үнэхээр ам бардам хүлээн авч чадсан. Үүн лүгээ адилаар нүүр бардам цэвэр, цэмцгэр, гоёмсог Улаанбаатарыг бүтээн мэлмийг нь баясгасан. Энэ үйлсэд бага ч атугай хувь нэмэр оруулсандаа баяртай сууна. Манай компани энэ их бүтээн байгуулалтын нэг хэсгийг л авсан. Монгол Улсын зүрх болсон нийслэл хотынхоо төв талбайн орчмыг орчин үеийн гэрэлтүүлгээр чимж чадсандаа урамтай байгаа.
-Тэгэлгүй яахав. Тэгэхдээ олон улсад нэр хүндтэй “Philips” компанийн дэлхийн хөгжингүй орнуудын гудамж, талбайгаа чимэглэдэг технологийг Монголд нутагшуулж чадсан нь анхаарал татдаг?
-Энэ компани бол дэлхийд “номер нэг” болсон гэрэлтүүлгийн компани л даа. Барилга байгууламжийн фасадны гоёлын гэрэлтүүлгийг “Philips” л дөнгүүр хийж байна. Гайхуулж байна. Та бидний мэдэх Нью-Йоркийн “Емpire state building”, Парисын Эйфелийн цамхаг, Германы Бранденбүргийн хаалга, Лондонгийн гүүрийн гэрэлтүүлгийг энэ компани тавьсан гээд бодоход л ойлгомжтой. Дэлхийн хамгийн алдартай барилга байгууламжуудын фасадны гэрлийг хийсэн, хийсээр ч байна.
Азийг хариуцсан салбар нь Сингапурт байдаг. Энэ компанийн Монголыг сонирхсон тэмүүлэл, бидний хотоо гоё болгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй яв цав нийцсэн тохиол боллоо. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр талбайн 18-хан шонг гурван тэрбумаар засварлана гэж үү, тендерийн булхай байх гэх маягийн хардлага сэрдлэг гарсан байна лээ. Бүтээн байгуулалтын энэ сайхан ажлыг улс төржүүлэх хэнд хэрэгтэй юм бэ. Бид энэ компанийн хамгийн сүүлийн үеийн технологийг нь нэвтрүүлж байна. Хүссэн өнгөөрөө хувирч болдог Smаrt буюу ухаалаг технологи юм.
-Манай эрс тэс улирлын нөхцөлд зохицсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэх юм билээ?
-50, +50 хэмийн агаарын хэлбэлзэлд тэсвэртэй гээд маш олон давуу талтай. Монголын нөхцөлд тохируулан эдгээр гэрэлтүүлгийг үйлдвэрлэсэн хэрэг. Түүнээс бус бэлэн байгаа бүтээгдэхүүнийг бид зөөгөөд авчирчихаагүй. Өнгөрсөн хавар болсон ардчилсан орнуудын бага хурлын үеэр “Philips”-ийн Азийг хариуцсан дэд захирал нь манайд ирж, бид олонтаа ярилцсаны үрээр нийслэл хотоо орчин үеийн гэрэлтүүлгээр чимж чадлаа. Аар саар яриа гаргаад байгааг нь би ойлгохгүй байна. Өмнө нь зөвхөн гэрэл л тавьдаг байсан. Яагаа вэ, нөгөө зах дээр байдаг хужаагийн гэгддэг гэрэл шүү дээ. 1000-2000 төгрөгийн үнэтэй хулхи бүтээгдэхүүнийг хэлж байна.
-Үүнийг л тодруулах гээд байна. Бид эдийн засгийн хүнд байдал зэрэг олон шалтгааны улмаас хямд бүтээгдэхүүн хэрэглээд хэвшчихсэн. Хямд үнэтэй бараа өдрийг л аргацаадаг. Дараа нь дахиад л худалдаж авна. Элэгдэж, хэмхрээд дуусдаг. Үүнээс өөр чанартай бүтээгдэхүүн юм гэдгийг сонссон л доо?
-Яг үнэндээ хотын төв талбайн орчны гэрэлтүүлэг нэг жил ч болоогүй насаа дуусгадаг байсан юм. Бид судалсан. Ийм тендерүүд энэ тэндгүй зөндөө байна. Улсын комисс хүлээгээд авчихна. Эцэст нь хэрүүл, уруул болвол хариуцах эзэн нь олдохгүй. Баталгаа гэж байхгүйгээс төр хохирно. Татвараа төлсөн иргэд хохирч байгаа биз. Хямд, чанаргүй бүтээгдэхүүн араасаа бөөн зардал, чирэгдэл дагуулдгийг хүмүүс мэддэг болсон байх гэж найдаж байна.
-“Philips” компанитай та бүгд ямар гэрээ хийсэн юм бэ?
-Хариуцах эзэнтэй гэдгээрээ том гэрээ болсон. Тэд таван жилийн баталгаа өгсөн. Үйлдвэрлэгчийн буруугаас ямар нэгэн гэрэл чимэглэл шатах аваас шууд сольж өгнө. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гэрэлтүүлгийн ямар ч компани баталгаа өгөөгүй. Чадвар ч байхгүй. Тэд нар ердөө л нэг жилийн баталгаа өгдөг юм. Бид бусдын адил хувиа бодоод ийм гэрээ байгуулаагүй. Байгуулах ч үгүй. Дэлхийд нэр хүндтэй энэ компани анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор бүх зүйл дээр та бүхэн айлтгүй гэдгийг бататлгаажуулахдаа анхаарал тавьж байгаа нь бидэнд их таалагдсан.
-Заавал LED гэрлээр хотоо чимсэн нь ямар учиртай вэ гэж хүмүүс сонирхох байх?
-Дэлхийн хөгжилтэй орнуудын том хотууд энэ гэрлийг л сонгож байна. Саяхан Нью-Йорк хот гэхэд л бүх гэрлээ LED болголоо. Улаанбаатар хот маань ч ингэж байна. Хүмүүс зөвхөн гэрэл юм, чийдэн юм гэж ойлгоод байх шиг байна. Гэрэлтүүлэг гэдэг ойлголт хавьгүй өргөн хүрээтэй. Саяхан болтол бид гэрэл асаасан төдий л байсан. Үнэндээ Улаанбаатар хот маань бусад хотуудтай харьцуулахад харанхуй хот байсан биз дээ. Би иргэн хүний хувьд хотын шинэ удирдлагуудыг ажлаа авангуут л хотоо гэрэлтэй болгох, цэмцгэр болгох тал дээр анхаарал тавьсанд үнэхээр баярладаг юм. Үүнийг иргэд маань хүсч байсан хэрэг. Одоо хот маань шөнөдөө ямар гэрэл чимэглэлтэй болсныг хүмүүс мэдэж байгаа. Эзэн Чингис хааны талбай бол хотын иргэдийн, залуучуудын очих дуртай, чөлөөт цагаа дурсамжтайгаар өнгөрүүлдэг бахархалтай газар. Хөдөө орон нутгийнхан маань нийслэл хотод хөл тавихдаа энд л зургаа татуулдаг. Энэ орчмын гэрэлтүүлгийг сайжруулна гэдэг үнэхээр бахархалтай үйлс л дээ. Үзэмжтэй, гоё гэрэлтэй, цэвэрхэн талбай дээр алхаж явах чинь монгол хүн бусдаас дутахгүй гэдгээ мэдэрч байгаа эх оронч, элгэмсүү сэтгэлийг төрүүлдэг юм. Тэгэхээр хотынхоо иргэдийн итгэлийг алдсан ажил хийж зүрхлэнэ гэж үү. Бид энд өссөн л юм бол мэдээж улс орныхоо цохилох зүрхийг хамгаас өөдтэй л болгохыг хүснэ ээ дээ. Бидний хувьд хөрөнгө мөнгө, нөгөө улс төрийн ашиг сонирхлоор энэ бүтээн байгуулалтад оролцсон юм байхгүй. Яаж ч байх вэ. Залуу насны эрч хүчээ хараар, саарлаар будах зүрх ёстой үгүй дээ.
-Танай компанийн бүтээн байгуулалтыг Төрийн ордон, Хөрөнгийн биржийн байр, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, жанжин Сүхбаатарын хөшөө, Хүүхдийн ордон, Чингисийн талбай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр, Монголын үйлдвэрчний эвлэлийн байр, Үндэсний түүхийн музейн гадна фасадны болон моддын гэрэлтүүлгээс харж болно байх?
-Хотын төв талбай буюу эзэн Чингисийн талбай дээр тогтож ярья л даа. Талбайн урд талын цэцэрлэг манай ажилд хамаарахгүй. Үүнийг зарим хүн буруу ойлгоод байна. Нөгөө хүмүүсийн нэрлэдэг нисдэг таваг гээд байгаа “дөрвөн өндөр”-ийг бид шууд сольсон. Аливаа юмны ашиглалтын хугацаа нь дуусдаг жамаараа хэрэггүй болсон гэсэн үг. Нөгөө талаар маш их цахилгаан эрчим хүч залгидаг байсныг хэлэх хэрэгтэй. Зөвхөн гэрлийг нь сольж болно л доо. Гэтэл арваад жил болчихсон шон чинь дээрх гэрлээ даахгүйд хүрсэн байх жишээтэй. Дээш, доош буудаг трос нь тасарчихсан, авирч гардаг байсан юм. Аюулгүй байдлын талаар ам ангайгаад нэмэргүй. Одоо бол товчлуур дараад л дээш доош өгсч бууж байна. Нэлээд өндөрт маш хүчтэйгээр асдаг энэ гэрэл бол зөвхөн нэг ширхэг нь гэхэд 20-40 кг жинтэй байдаг. 48 гэрэл байгаа гээд бодохоор агаарт хичнээн хүнд эд байгаа нь ойлгомжтой. Ийм хүнд гэрлийг тогтоон барих газар доорх хэсэг нь маш чанартай бат бөх төмөр байж таарна. Талбайн нэг гэрэлтүүлгийн шонгийн талаар өгүүлэхэд л асар их ажил өгүүлж болно. Энд нэг бүрчилэн тоочоод яах вэ.
-Өмнөх шар гэрлээс LED гэрэл нь ямар ялгаатай байна вэ?
-Өмнөх шар гэрлийг одоо бараг хэрэглэхээ болиод байна. Хүн болон байгальд хортой хүлэмжийн хий ялгаруулдаг юм. Маш хүчтэй буюу 500 ваттын их хэмжээний тог идэж байж асдаг. Зөвхөн нэг гэрэл нь бидний сайн мэдэх оросын “лысва” цахилгээн зуухны иддэг тогтой дүйцэн асдаг байв. Ашиглалтын зардал нь тун өндөр болохоор эдийн засгийн хувьд хорлонто. Харин LED технологи нь дээрх гэрлийг 120-130 ваттаар л гаргаж чадна. Их хурц гэрэлтэй гэсэн үг. Хамгийн энгийнээр бодоход гурав дахин бага өртөгтэй байгаа биз. Ашиглалтын зардлыг 70 хувь хэмнэж байгаа юм. Сард арван сая төгрөг төлж гэрэлтдэг байсан байгууллага гурван сая төгрөг төлдөг болно. Үүнийг таван жилийн хугацаагаар үржүүлээд үз дээ. Энэ мэт хүн ба байгальд хоргүй, эко талаасаа дэлхийн олон орнуудын таашаалд нийцээд байсан юм. Өмнөх гэрлийн чийдэнгийн үнийг бид асуусан. Нэг нь 150 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Нэг жилд хэдэн удаа сольдог билээ дээ. Энэ бүхнийг эрүүл ухаанаар тооцоод үзэхээр нэлээн их тоо хариулт болж гарч ирнэ.
-Эдийн засгийн хувьд ямархуу хэмжээний хэмнэлт гаргах нь тодорхой байна л даа. Харин ухаалаг гэрэл гэдгийг нь сонирхъё. Хүмүүс энэ гэрлийг жаахан эвгүй байдлаар “ягааны” гэх зэргээр нэр хоч өгөөд байгаа бололтой?
-Бид өнгөрсөн зун олон янзын өнгөөр асааж үзүүлэхдээ хүмүүсийг үзээсэй, ухаалаг гэрэл гэдэг энэ шүү, ямар ч өнгөнд хувиран асаах боломжтой шүү гэдгийг нь харуулъя гэж бодсон. Нэг гэрлийг хүссэн өнгөнд хувиргах нь зөвхөн товчлуур дарах л ажил. Энгийн өдөр нэг өөр, баяр ёслолоор бол арай чамин гэх маягтайгаар асаах юм. Янз бүрийн гэрэл хоорондын хугацаа, өнгийг нь янзалж болно. Хурдан, удаан солигдох зэргээр нь ухаалаг гээд байгаа юм. Өмнө нь таван өөр өнгийн чийдэн асаая гэвэл зэрэгцүүлж байгаад нэг нэгээр нь асаах байсан биз. Одоо бол нэг чийдэн хүссэн өнгөндөө хувирч асах хэрэг. Манайхан гадагшаа их явдаг болсон. Мэдэж байгаа. Хонгконгт гэхэд л 22 цагаас хойш барилга, байгууламжийн орой дээрх лазерийн, гэрлийн шоу нь эхэлдэг. Үүнийг хийсэн компани манайд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.
-LED гэрлийн чийдэн, бүрхүүлийг бат бөх гээд яривал олон зүйл бий байх?
-Нэг нь гэхэд л 25, 40 кг-ын жинтэй бөх бат, зузаан хамгаалалттай. Чулуу шидээд хагарахгүй. Тоос шороонд автахгүй гээд яривал олон юм бий. Өмнө моддын доор асдаг гэрэлтүүлгүүд байсан даа. Зарим хүн ухамсар муугийн харгайгаар согтуу, хөлчүү явах үедээ хагалаад дуусгасан байдаг юм. Үүнд залуучууд, хүмүүс маань дүгнэлт хийнэ биз. Өөрийн хотынхоо, өөрийн гал голомтны өнгө төрхөө битгий сүйтгээд байгаач ээ гэж гуйя. Зөвхөн төв талбайн хувьд ярихад ийм байна. Энэ ажилдаа бид үнэхээр ам бардам, сэтгэл хангалуун байгаа шүү. Гурван тэрбумаар 18 шонгийн гэрэл асаасан гээд байгаа нэгэн үүнийг ухаарах байлгүй дээ. Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж байгаа ажлыг заавал улс төржүүлээд хэрэггүй. Бид зүгээр нэг гэрэл тавиагүй. Бид орчин үеийн технологи, дизайнтай шинэ чимэглэлийг хийсэн. Таны дээр өгүүлсэн арван байршилд хийсэн гэрэлтүүлгийн ажилд гурван тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдахыг хувьдаа бодоод үз. Өнөөдөр долларын ханш өсчихлөө. Бүх бүтээгдэхүүнээ бид доллараар тооцож авдаг. Энэ мөнгөний тал хувь нь бүтээгдэхүүндээ зарцуулагдана. Авчирснаар бүх зүйл амар сайхан жаргахгүй. 15 хувийн татвараа төлнө. Угсралтын ажил гээд үй түмэн юм бий. Бүтэн жил энэ компани чинь ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч хэдэн компани бий. Нэг шон босгоход л 20 гаруй сая төгрөг зарцуулдаг. Нэг барилга гэхэд л 100 гаруй гэрэл байдаг. Кабелийн урт, труба, эрэг шургийг нь тоочвол өчнөөн юм болно. Маш олон хүний хөлс, хөдөлмөр шаарддаг юм. Төрийн ордонд гэхэд л 200 гаруй ширхэг гэрэлтүүлэг хийсэн.
-Ийм нарийн технологийг манайд нутагшуулахад “Philips”-ээс анхаарал тавьсан нь ойлгомжтой. Адаглаад нарийн мэргэжилтнүүд хэрэгтэй болно оо доо?
-Бүтэн жилийн хугацаанд арваад хүн байнга ирж, очиж байгаа. Монголд зориулж бүтэн баг ажиллуулж байгаа юм. Тэд монголд зориулсан дизайныг байшин барилга бүрт тохируулан хамгийн хямд өртгөөр хийж байгаа.
-Зүгээр нэг гэрэл төдий биш байшин барилга бүрийн дизайнд нийцсэн байж таарна?
-Мэдээж. Тэд зөвхөн гэрэлтэй болгох тэд ажиллаагүй. Багана бүр нь зохицож гэрэлтдэг, наад, цаад орчин нь харагддаг гээд бүхэн бүтэн архитектур байна шүү дээ. Зөвхөн гэрэлтэй болохоос их өөр шүү. Бид барууны хотуудын шөнийн шоу гэрлийг хараад уулга алддаг биз дээ.
-Удахгүй шинэ жил болох гэж байна. Дээрх барилгууд баяраар ямар өнгөөр гэрэлтэж мэндчилэх бол?
-Үүнийг бид бодсон, төлөвлөсөн байгаа. Үндэсний түүхийн музейн гэрэлтүүлгийг саяхан арай өөр дизайнаар асаалаа. Өмнө нь Арслан, Рави гэдэг хоёр хүн ажилласан. Одоо Линго гэдэг Азийн олон хотын барилгууд дээр ажилласан дизайнер ур ухаанаа уралдуулж байна.
-Гүйцэтгэгч компанийн зарим ажилд алдаа гарсан гэх юм билээ?
-Үүнийг хүлээн зөвшөөрнө. Шударга байх хэрэгтэй. Бид шонгоо захиалахдаа жижигдүүлсэн тал бий. Хотдоо, талбайдаа арай жижигдсэн юм. Үүнийг одоо сольж байгаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ямар шон байвал зохистой вэ гэдгийг хүлээн аваад ажиллаж байна. Бид захиалга өгөнгүүт Монголд зориулж үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүн маань Америк, Мексик, Европ дахь “Philips”-ийн салбараас ирж байгаа болохоор цаг хугацааны асуудал гардаг. Энд ирээд нийлж байж ажил өрнөдөг. Агаараар, усан онгоцоор ирдэг. Үүнд хэр зардал гарах нь тодорхой. Гэтэл зарим нь төв талбайн 18 шонг гурван тэрбумаар гэрэлтүүлэв гээд байгаа юм. Хотын даргыг ч нэр холбогдуулах гээд байх жишээтэй. Боль л доо. Миний хувьд хамтлагийн гишүүн, дуучин хүн. Төрөлх хотоо гоё болгоё гэсэн энгийн нэг залуу байна. Хүн бүр Улаанбаатар хотоо минийх гэж өмөөрч, манайх гэж өлгийдье л дөө. Бусдаас юугаараа дутна гэж. Их хотынхоо бүтээн байгуулалтад оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж ойлгож байна.