Н.Гантөмөр: Зам ашигласны татварын мөнгөөр нийслэлийн замыг засдаг болно

2013-12-09 00:00:00
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаас зам ашигласны нөхөн төлбөрийг жолооч нараас сараар тооцон авдаг болох тухай шийдвэр гарсан билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодруулга авлаа.
 
-Жолооч нараас зам ашигласны нөхөн төлбөр авч байхаар болсон. Энэхүү шийдвэрийн талаар та дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Нийслэлийн иргэдийнтөлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар энэ шийдвэр гарсан шүү дээ. Удирдах зөвлөлийн гишүүд маань Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож авахаар болсон. Нийслэл Улаанбаатар хот маань 675,6 км авто замтай. Үүнээс 144,3 км нь гол гудамж зам, 280,9 км нь хорооллын доторх зам, 250,4 км туслах гудамж талбайн замаас бүрддэг юм байна. Харин 2013 оны авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор нийслэлд 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 170 гаруй мянга нь суудлын 50 мянга орчим нь ачааны, 14 гаруй нь автобус, мөн 10 гаруй мянга нь тусгай зориулалтын машин, 1200 орчим мотоцикль, 4000 орчим өөрөө явагч хэрэгсэл тоологдсон байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд өдөр тутам байнга оролцож элэгдэл үүсгэн эвдэж, сүйтгэх нөлөөлөлд шууд болон дам байдлаар оролцож байгаа боловч зам ашигласныхаа хувьд ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагийнхаа төлөө хөрөнгийн татвар болох Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлдөг юм билээ. Харин одоо тэдгээр авто тээврийн хэрэгслүүдээс зам ашигласны төлбөрийг сараар тооцон авдаг болох юм.

-Зам ашигласны төлбөрийг хэрхэн, ямар зохион байгуулалтаар авч байх юм бол?

-Улаанбаатар хотод автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад жилд нэг удаа авна гэж шийдвэрт тусгасан юм. Жилд нэг удаа гэдэг нь сар сараар тооцоод бүтэн жилийн хураамжийг нийтэд авна гэсэн үг. Гэхдээ бид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тооцож жолоочдоос сар сард нь цувуулан авч байсан ч болох юм гэж бодж байгаа. Тухайн нэг жолооч авто машиныхаа хөдөлгүүрийн багтаамж, явах эд анги зэргээс хамаарч сард 3-4 мянган төгрөгийн хураамж төлнө гэсэн урьдчилсан тооцоог бид гаргасан.

-Зам ашигласны төлбөрөөр нийслэлийн замыг засдаг болно гэсэн үү?

-Энэхүү төлбөрөөр автозамыг нөхөн сэргээх, өргөтгөн шинэчлэх ажлыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн төсөвт 8,6 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарсан.  Түүнчлэн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн Улаанбаатар хот руу орж ирэхэд улсын дугаар харгалзахгүй 500 төгрөг авдаг байсан. Харин авто зам ашигласны төлбөрийг авч эхэлснээр Улаанбаатар хотын дугаартай  тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авах юм.
Г.ЛХАГВА