350 машины багтаамжтай долоон давхар авто зогсоол ашиглалтад орлоо

2013-12-09 00:00:00

Баянзүрх дүүргийн XXVI хороонд долоон давхар авто зогсоол ашиглалтад орлоо. Олон улсын стандартад нийцсэн “Инканто фаркинг” буюу 350 машины багтаамжтай уг гараашийг “Камдер” ХХК-ийн “Инканто таун” төслийн хүрээнд хоёр жилийн хугацаанд барьж дуусгажээ. Энэхүү Монголын анхны төвлөрсөн авто зогсоол нь төмөр ган хийцтэй, давхар бүртээ 45 автомашин байрладаг бөгөөд зорчих хэсэг, налуу пандус нь 8-9 метр өргөн тул машинаа зогсоолд тавьж, авахад ямар ч саадгүй байдлаар зураг төслийг гарган хийсэн аж.

Төслийг санаачлагч, хөрөнгө оруулагч “Сээкл” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Ганбаатар “Энэ зогсоол галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, утаа зайлуулах, дулаан мэдрэгч болон бороожуулах буюу сплинкер системийг цогцоор нь шийдсэн. Жилийн дөрвөн улиралд ашиглах тул ердийн халаалтын систем, халуунаар үлээдэг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан. Агааржуулах системтэй, төвийн дулаан тасалдсан үед байгалийн агаарын урсгалыг халааж, үлээх тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн хяналтын камер, зарлан мэдээлэх системтэй, оршин суугчид 24 цагаар ажиллах хоёр цахилгаан шатаар үйлчлүүлэх боломжтой” гэлээ. Ийнхүү Монголд анхны олон улсын жишигт нийцэхүйц долоон давхар бүхий авто зогсоол үүд хаалгаа нээлээ.

Х.Хүслэн