Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барив

2013-12-05 00:00:00
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
  Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын тухай “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалд тусгахдаа, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн 61-д “Орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцыг шинэчлэн өөрчлөх, хот төлөвлөлт, газар ашиглалт, барилгажилт, тохижилтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, тэдгээрийн оролцоотой хяналтын тогтолцоог бий болгох, хүн амьдрахыг хориглосон болон хүн амьдрах эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл хангахгүй болсон барилга байгууламжуудыг дахин төлөвлөх, нэг талаас оршин суугчдын эрх ашиг, нөгөө талаас хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр “Хотыг дахин хөгжүүлэх тухай” шинээр хууль боловсруулах”-ыг Засгийн газарт даалгасан. Мөн Улсын Их Хурлын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай 2010 оны 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын “Шинээр батлах хуулийн төслийн жагсаалт”-ад “Хотыг дахин хөгжүүлэх (төлөвлөх) тухай” хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулахаар заасан гэжээ.

   Мөн гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал, ОХУ, Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулийг судлан үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулахад ашигласан байна. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй, “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хууль шинээр боловсруулагдсантай холбогдуулан Хот байгуулалтын тухай, Газрын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай болох ажээ.