Н.Батаа: ”Өнгөрсөн жилтэй харьцуулбал 11.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хассан” 283.4 тэр бум төгрөгийг урсгал зардалгүй зарцуулна

2013-12-04 00:00:00
Нийслэлийн 2014 оны төсөв баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаатай ярилцлаа. 
-Нийслэлийн 2014 оны төсвийг өмнөх онуудаас онцлог боллоо гэж яриад байгаа. Яг юугаараа онцлог болов? 
-Өнгөрсөн оныхоос илүү онцлог төсөв болсон нь үнэн. Учир нь нийт төсвийн 40 гаруй хувь нь нийгмийн бодлого уруу чиглэсэн, иргэддээ хандсан. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийг орон сууцтай, хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгох зэрэг олон асуудлыг тусгалаа. Бид төсөв хийхдээ хэдэн үндсэн зарчим баримталлаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотод ажилтай, орлоготой байлгахын тулд нийгмийн салбарын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бичил зээлийг анх удаа бий болголоо. Үүнийг зөв хэрэгжүүлж чадвал маш том төсөл. Энэ төслийг нийслэлийн 152 хороонд хэрэгжүүлнэ. 
-Төслийн хүрээнд нэг хороонд хэдэн төгрөг хуваарилах вэ? 
-Нэг хороонд 100 орчим сая төгрөг байхаар тооцоолж байгаа. Энэ бол зөвхөн иргэдэд чиглэсэн зээл. Иргэд бүлгээрээ, гудамжаараа, эсвэл орцоороо ярилцан зөвшилцөөд хувааж авах боломжтой зээлийн фондыг бий болгож байгаа юм. Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суусан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг дэмжих зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийн сан” гэж бий болголоо. Энэ санд тэвэн тэрбум төгрөг суулгаж өгсөн. Мөн Улаанбаатар хотод халамжийн орон сууцуудыг бий болгох, орон сууцны хэрэгцээтэй иргэдэд зориулан барих, захиалах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр 15 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар орон сууц” санг бий болгосон. 
-Төсвийг урсгал зардал нь бүтээн байгуулалтынхаас дутахааргүй хэмжээтэй баталдаг тал бий. Энэ удаад сул зарлагуудыг хэр тооцож хэмнэв? 
-Мэдээж бид төсвийг хийхдээ боломжтой бүх төсвийг хэмнэх чиглэлийг барьсан. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 11.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хассан байна. Тухайлбал, тавилга эд хогшил худалдан авах, янз бүрийн төвлөрсөн арга хэмжээнүүд, нэг удаагийн төслийн дэмжлэг ч гэдэг юм уу тэвчиж болох зардлуудыг хэмнэсэн. Нөгөө талаар Улаанбаатар хот гэдэг маань дангаараа сайн ажиллаад хөгжихг үй. Дүүргүүд нь сайн байвал хот аяндаа сайжирна. Тиймээс дүүргүүдийн биеэ даасан байдал, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргүүдэд эх үүсвэрийн хуваарилалтыг түлхүү хийсэн төсөв болсон. УИХ, Засгийн газраас тэвчиж болох урсгал зардлуудыг хэмнэх, орон тоог бууруулах чиглэлээр удирдамж өгсөн. Үүний дагуу НЗДТГ-ын мэдлийн 56 орон тоог цомхотгосон. 
-Нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх талаар хэрхэн анхаарч ажилласан бэ? 
-Ер нь Улаанбаатар хотын орлогыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажилласан. Ирэх жил 556.9 тэрбум төгрөгийн орлого олно. Улсын төлөвлөгөөгөр бид улсад 44 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 283.4 тэрбум төгрөгийг урсгал зардалгүй зарцуулна. Бид нийт 210.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Төсөв батлахын тулд өнгөрсөн сард “Иргэдийн оролцоотой төсөв” хэлэлцүүлгийг бүх хороодод хийсэн шүү дээ. Үүний хүрээнд санал асуулгын 320 гаруй мянган хуудас тарааснаас 278 мянгыг нь иргэдээс хүлээж авсан. Одоогийн байдлаар 20 орчим хувьд нь боловсруулалт хийгээд төсөвтөө суулгасан. Иргэд энэ санал асуулгад идэвхтэй оролцож 157 байршилд цэцэрлэг барьж өгөхийг хүссэн. Өнөөдөр олон мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ нь Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдвэл зохих ажил болоод байна. Мөн ногоон байгууламж, интернэт орчинг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг, камер сайжруулах гээд олон асуудал тавьсан. 2014 оны төсөвт энэ бүхнийг шийдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Цаашид хороо бүрээс зайлшгүй шийдэх ёстой 3-5 ажлыг сонгож аваад хэрэгжүүлнэ. Харин энэ удаа бид шийдэж чадахгүй байж болзошгүй асуудал бол шинээр зам тавих. Учир нь хөрөнгийн эх үүсвэр хүрэлцээ муутай байгаа. Гэрэлтүүлэг, камер зэрэг олон ажлыг орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. 
-Иргэдээс авсан нийт саналын хуудсын 20 хувийг нь л боловсруулж төсөвт тусгасан гэсэн үг үү? 
-Иргэдээс 278 мянган санал авснаас 20 хувьд нь машинаар бололвсруулалт хийсэн. Үүнээс иргэд юу хүсч байгааг тодорхой харж болно. Гэхдээ бид үлдсэн саналыг цаашид үргэлжлүүлэн боловсруулна. 
-Авто зам ашигласны төлбөр авдаг болохоор тогтсон байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
-Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хотын зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслээс авч байхаар тогтсон. Улаанбаатар хот уруу орж ирж буй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр гэж 500 төгрөг авдаг байсан бол одоо 1000 төгрөг авч байхаар болсон. Харин Улаанбаатарын дугаартай автомашин нийслэлийн зүүн, баруун аль нэг товчоогоор гараад орж ирэх бүртээ мөнгө төлдөг байсныг болиулж байна. Улаанбаатар хотод байдаг 264 мянга гаруй тээврийн хэрэгслээс тодорхой тарифаар жилд нэг удаа замын хураамж авна. Та бүхэн мэдэж байгаа байх. Улаабаатар хотын авто замд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл үүнд иргэдийн, машин техник эзэмшигчдийн оролцоо гэж байхгүй. Улаанбаатар хотын “Авто замын сан” хөрөнгийн эх үүсвэр муутай байдаг. Тиймээс төлбөр хураамж тогтоосноор дээрх санд 8.8 тэрбум төгрөг нэмж орно. Энэ орлогоор нийслэлийн авто замыг засах, сэргээх ажилд зарцуулна. 
-Нэг удаа хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ? 
-Улаанбаатарын дугаартай так си 30, суудлын авто машин 20-40, том оврын ачааны машин нэг тоннын даацтай нь 40 мянган төгрөгөөс эхлээд 10-аас дээш тонн бол 70 мянган төгрөгийн хураамж төлнө. Мөн автобус 40-60, тусгай техник хэрэгсэл 30-60 мянган төгрөг төлөх болж байгаа. Төлөөлөгчдийн зүгээс энэ тоог “Бага байна, нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн санал гаргасан. Гэхдээ бид эхний удаад бага ч гэсэн хураамж тогтооё, цаашид хариуцлага нэмэгдээд хамтарч ажиллах төвшин улам сайжрах ёстой гэсэн бодлоготой байгаа. Бид авто замыг цаашид ашиглах асуудалд онцгой анхаарч ажиллахгүй бол улсын болон хотын төсвөөс зам засах хөрөнгө хомс байдаг. 
-Ирэх онд хэдэн сургууль, цэцэрлэг барих вэ? 
-Иргэдийн хүсэлтээр цэцэрлэг, сургууль барих чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Ер нь цэцэрлэг, сургууль барих нь Засгийн газар, БШУЯ-ны чиг үүрэг л дээ. Гэхдээ иргэд хүсч буй учраас нийслэлд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор барихаар төлөвлөгөөнд суулгасан. Улаанбаатарын хөрөнгөөс энэ хэмжээний төсөв гаргах гэж байна. Барилгын хувьд цэцэрлэг нь сургууль, бага сургууль нь цэцэрлэг болоод хувирах боломжой, өргөн бүтэц зохион байгуулалттай болно. Ирэх жил нийт 36 сургууль, 67 цэцэрлэг барих ажлыг хийнэ. Үүнээс зарим нь он дамжиж буй ажил. 
-Орон нутгийн хөгжил санд хэчнээн төгрөг төсөвлөв? 
-Ер нь энэ жилийн төсвийн орлогын эх үүсвэрийг 108.7 тэрбум төгрөг буюу 24.2 хувиар нэмэгдүүлж байгаа. Хөрөнгө оруулалтад 210.9, урсгал зардал 283.4, орон нутгийн хөгжил санд 48.7 тэрбум төгрөг хуваарилсан. Орон нутгийн хөгжил сангаас 19 тэрбум төгрөг нь нийслэлд үлдээд бусад нь дүүргүүдэд очно. Энэ жилийн бас нэг онцлог нь нийт халамжийн сангийн бүх зардлыг Улаанбаатар хотын төсөв өөртөө авсан. Ингэснээр дүүргүүдэд хөрөнгө цугларах бололцоо бүрдэж байгаа юм. Дүүрг үүдэд бид 33 тэрбум төгрөгийг нэмж хуваарилсан. Энэ хөрөнгөөр дүүргийг тохижуулж, хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Өнгөрсөн жил худалдан авалтын газраараа ихээхэн хэмжээний худалдан авалтыг хийж 14.5 тэрбум төгрөг хэмнэсэн. Өмнөх жилүүдэд хэмнэлт бараг гаргадаггүй байсан. Харин энэ удаагийн хэмнэсэн мөнгөө хөрөнгө оруулалтад нэмж тусгалаа. 
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? 
-Агаарын бохирдлыг бууруулах ажил бол Ерөнхийлөгчийн тамгийн газар, Засгийн газраас “Цэвэр агаар сан” хөтөлбөрөөр дамжин нийслэлд хэрэгждэг. Гэвч энэ ажил санасан хэмжээнд хүрч хийгдэхгүй байгаа. 2014 оны хувьд агаарын бохирдлыг бууруулах ерөнхий хөтөлбөрийг баталж гарган хэрэгжүүлэх ёстой. “Цэвэр агаар сан”-гийн шугамаар 22 орчим тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Үүнийг бид зарцуулна. Мөн энэ ондоо багтааж 45 мянган өрхөд утаа бага ялгаруулдаг зуух нийлүүлэх, утаагүй түлш бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногоос Баянгол дүүргийн иргэдэд утаагүй түлшийг тараах ажлыг эхлүүлнэ.
М.НАРАНБОЛД