17 “Шар хантаазтан”-ыг Хонконг, Сингапурт аялуулна

2013-11-29 00:00:00
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 454 үйлчлэгч, хог цуглуулалт, тээвэрлэлтэд 288 жолооч, 416 ачигч ажиллаж байна. Нийслэлийнхээ гудамж, талбайг цэвэр, цэмцгэр, хог, шороогүй байлгахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 9 дүүргийн ТҮК-ийн ажилчдын дунд 2013 оны 5-р сараас 10-р сарын хооронд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг зарласан. Уралдааны шилдгүүдийг Хонконг, Сингапур улсруу аялах эрхийн бичгээр шагнахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга  ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зам талбайн 9 үйлчлэгч, 5 жолооч, 3 ачигч гээд нийт 17 ажилтанд аялалын эрхийн бичгийг нь гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Өнөөдөр их сайхан үйл явдал тохиож байна. Нийслэлээ хоггүй, цэвэр цэмцгэр байлгахын тулд нойр, хоолоо умартан ажилладаг ТҮК-ийн ажилтнууддаа дэлхийн хамгийн тохилог хотод тооцогддог Сингапур, Хонкогруу аялах эрхийн бичиг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Та бүхэн энэ шагналыг авах гавъяатай хүмүүс. Жилийн 4 улиралд энэ хотын нүүр царайг угааж хамгийн хүнд, амаргүй ажлыг хийдэг та бүхэнд үнэхээр талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Та нартаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлээд, сайхан амраад ирэхийг хүсье. Цаашдаа бид ТҮК-ийн ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх, ажлын үр дүнг шагнаж урамшуулахад онцгой анхаарч ажиллана” гэж онцлон хэллээ. Өнөөдөр эрхийн бичиг гардан авсан 17 ажилтан 12 сарын 04-нөөс 09-ний өдрүүдэд Хонконг, Сингапур улсруу түүвэрчилсэн аялал хийх бөгөөд аяллын явцад Хонконгийн ТҮК-ийн ажилчдын ажилтай танилцах юм. Энэ удаагийн аялалд нэг хүний зардалд 3,250,000 төгрөг зарцуулж байгаагаас гадна дүүргүүдийн ЗДТГ-аас аяллаар явж буй ажилтнууддаа урамшууллын мөнгө өгөхөөр төлөвлөжээ. Нийслэлийн удирдлагууд Тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд 300-400 мянган төгрөгийн дундаж цалинг нэмж 450-650 төгрөг болгоод байгаа бол  ажлын бүтээмжээсээ шалтгаалан зарим ажилтнууд 1 сая 200 хүртэлх цалин авч байна. Цаашдаа ч энэ цалингийн хэмжээг нэмэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.