Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна

2021-09-15 16:07:20

Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын Захиргаатай хамтран есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг Газиантеп хотын иргэдэд толилуулж байгаа бөгөөд нээлтэд Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, Турк, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Мехмет Эрдоган, Элчин сайд Р.Болд, тус хотын дарга бөгөөд Туркийн хот, дүүргүүдийн холбооны Ерөнхийлөгч хатагтай Фатма Шахин нар оролцов.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар видео мэндчилгээ илгээж, хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд өргөжин хөгжиж байгааг онцоллоо. Мөн цаашид Газиантеп хоттой түүх, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллаж, харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС