Онлайн үйлчилгээ, цахим хэрэглээний давуу талыг танилцууллаа

2021-08-27 18:49:14

iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аяны хүрээнд Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Сургалтаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар инновацын төвийн дэргэдэх “Хорека софт”, “Рете”, “Чатбот” ХХК зэрэг компани өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликэйшнийг Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд санал болгон, үнэ төлбөргүй суурилуулж, хамтран ажиллах санал тавилаа. Эдгээр компанийн үйлчилгээг сонгосноор үйлчилгээ эрхлэгч иргэд интернэтийн хязгааргүй боломжийг ашиглах бөгөөд хэрэглэгчдэд амар хялбар үйлчилгээ үзүүлэх давуу талууд бий болох юм.

Налайх дүүрэгт ойролцоогоор 610 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн танилцуулга сургалтад 40 орчим нь оролцсон. Сургалтын үеэр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар гадаад, дотоодын амжилтад хүрсэн бизнес эрхлэгч эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, оролцогчдод бизнесийн амжилт хүслээ.  Мөн тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, орлогч дарга С.Тунгалаг болон Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн албан хаагчид тус арга хэмжээнд оролцов.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР