Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

2021-08-20 19:18:37

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ. Үйлдвэрийн шав тавих ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески, Гадаад харилцааны сайд болоод Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү болон угсралтын ажлыг гүйцэтгэх Турк улсын МАПА компанийн Төслийн захирал Омер Ишикман нар оролцов.  

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр том үйлдвэр, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэр бий болгох, гэр хорооллын ус түгээх 180 гаруй байрыг автоматжуулна. Мөн аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах, дэвшилтэт технологийн лаборатори байгуулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийг бий болгох ажлуудыг ирэх дөрвөн жилд хийх юм.

Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлчээр ашиглалтад орох бөгөөд туршилт тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжилнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл шоо метр усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС