Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэлд зориулан 582 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

2021-08-16 15:02:26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай тайлбарлалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгов.

Баруун бүсийн үйлдвэр тоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт, тортгийн асуудал эрс багассан тухай “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа  онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутаг руу хулгайгаар мэр сэр гаргаж буй асуудал  бий. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” хэмээлээ.  

Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

“Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй шахмал түлшний үйлдвэрүүдийн засварын ажил есдүгээр сарын 15-нд эцэслэгдэн дуусах бөгөөд түүнээс хойш үйлдвэрийн шугамууд бүрэн хүчин чадлаар ажиллан, шахмал түлшний нөөцөө бэлтгэх ажилд орно” хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярьж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС