“Бизнес тоглоом” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2021-06-29 15:13:31

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ Mongolia/ төслийн менежер Ютта Рехаг болон Бизнесийн инновац, технологи хариуцсан зөвлөх И.Мөнхбаяр нартай өнөөдөр уулзлаа.  Уулзалтаар “Хувийн хэвшлийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”  буюу GIZ PROGRES төслийн хүрээнд инновацын төвөөр дамжуулан жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн ХБНГУ-ын гарааны бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг хэрхэн дэмжин ажилладаг талаар сайн туршлагыг судлах, хамтарсан олон талт арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр  Улаанбаатар инновацын төвд гарааны компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилгоор Медиа төв байгуулах, олон улсын цахим инновацын үзэсгэлэн зохион байгуулах, номын сангийн фондыг арвижуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байсан.

Хамтын ажиллагааны хүрээнд Германы хадгаламжийн банктай хамтран залуу бизнес эрхлэгч, тэр дундаа эмэгтэй энтрепренерүүдийг хамруулсан “Бизнес тоглоом” сэдэвт гурван өдрийн сургалт, хөтөлбөрийг Баянхошуу бизнес инкубатор дэд төвд зохион байгуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР