Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ

2021-06-28 18:31:19

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ё.Баатарбилэг: Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон маш сайн ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Д.Сумъяабазар дарга уг хуулийн төслийг нэлээн шуурхай оруулж ирлээ. Хуулийн хэлэлцүүлэг дээр гишүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг сайтар тусгаж, Ажлын хэсгээ байгуулан ажиллах байх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг дээр Улаанбаатар хотын гэж нэмэгдэхээр “Нийслэлийн эрх зүйн байдлын асуудлуудыг бүрэн зохицуулна, давхар хотын асуудлыг зохицуулна” гэж яригдаад байна. Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хууль яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүний зааг, ялгааг нь салгаж явахгүй бол улсын зэрэглэлтэй хотуудын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг шиг өөр хотуудын эрх зүйн байдлын тухай хууль гэх зүйлийг бий болгочих вий.

Улаанбаатар хотод маш олон асуудал бий. Тэгэхээр эдгээр асуудлыг хэтэрхий хумьж оруулж ирэн, хуульчлах гэж байгаад хуулийнхаа явцад төвөг саад болох зүйл, заалт оруулан, хууль батлах явцад асуудал үүсэх вий. Сүүлийн жил орчмын хугацаанд НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон маш сайн ажиллаж байна. Нийгмийн дунд олон жил яригдсан, шийдэгдээгүй, бугшсан асуудлуудыг Засгийн газраасаа дэмжлэг аван шийдвэрлэж байна. Цаашдаа урт хугацаандаа хэрэгжих хуулийг гаргахад Ажлын хэсэг болоод УИХ сайн ажиллах байх гэж харж байна.

Ж.Сүхбаатар: Хотод эрх зүйн боломжийг нь олгосон хууль хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль  батлагдсантай холбоотой орж ирж байгаа. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. 27 жилийн өмнө нийслэлийн эрх зүйн байдлыг энэ агуулгаар гаргаж, Улаанбаатар хот үргэлж Монгол Улсын нийслэл байхгүй гэж үзэн, тэр байдлаар эрх зүйн байдлыг тодорхойлсон. Улаанбаатар хотын хүн ам социализмын үеэс 300 хувиар өссөн. Ийм хотод ажиллах эрх зүйн боломжийг олгосон хууль хэрэгтэй байгаа. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улаанбаатар хотод нь чиглүүлэх санал нэгжийн хуулийн хүрээнд суусан. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдана. Үүнд улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг илүү тусгана.

М.Оюунчимэг: Хууль урт хугацаанд, тогтвортой, алдаа, дутагдлыг засах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Хуулийг хэлэлцэж байгаад талархаж байна. ИТХ, Засаг даргын уялдаа холбоо, ажлын чиг үүрэг тодорхойгүйгээс бие биенээ шантаажилж, асуудал хэдэн сар, жилээр үргэлжилдэг жишээ бий. Үүнийг халах нь энэ хуулийн гол зорилго. Улаанбаатар хот 1994 оноос хүн ам, хөгжлийн хувьд өөр болсон. Одоо гарах хууль урт хугацаанд, тогтвортой, алдаа, дутагдлыг засах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх ёстой.

Ц.Мөнхцэцэг: Нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -27 жилийн дараа нийслэлийн эрх зүйн байдлыг дахин шинээр хуульчилж байгаа нь чухал. Тиймээс энэ хуулийг дэмжиж байна. Хуульд нийслэл хотыг эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан хот болгох, төвлөрлийг сааруулах зэрэг зарчмын чухал заалтууд оржээ. Шинэлэг заалтууд мөн байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын эрх зүйн статусыг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний адил статустай болгож байгааг дэмжиж байна. Нийслэлийн асуудал бол улсын хэмжээний асуудал. Мөн энэ хуулиар Нийслэл хотын судалгааны байгууллагыг байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн 30 жилд нийслэл судалгаагүй, хүн ам төвлөрсөн, нийтийн эзэмшлийн газаргүй болтлоо явж ирсэн. Иймээс үүнийг засахын тулд шинжлэх ухаан, бодлогын судалгаанд суурилсан нийслэлийн бодлого явах ёстой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС