И.Дорждэрэм: Өөрөөсөө илүү шавь бэлтгэх нь багш хүний бахархал

2021-06-08 17:26:16

Нийслэлийн 1-р дунд сургуулийн химийн багш И.Дорждэрэм ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиадад шавиа амжилттай бэлтгэж, тус сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртсэн. И.Дорждэрэм багшийн энэ амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан бөгөөд олон улсад гаргасан амжилтаа ахиулахыг хүсэн ерөөж “Улаанбаатар хот Москва хоттой эгч дүүсийн найрсаг харилцаатай. Энэ ч утгаараа Москва хотноо зохион байгуулагдсан олон улсын онлайн олимпиадад шавиа бэлтгэн, амжилт гаргаж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөнд талархал илэрхийлье. Залуу багшийн хувьд шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлж байгаад баяр хүргээд, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

И.Дорждэрэм  багш нийслэлийн 1-р дунд сургуулийн химийн багшаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн сурагч Б.Пүрэвбадралыгаа 2016 оноос хойш буюу зургадугаар ангиас нь химийн хичээлээр бэлтгэж эхэлжээ. Тэрбээр “Манай шавь Б.Пүрэвбадрал өөрийгөө олон жил сорьж байгаа шилдэг сурагчдын маань нэг. Маш сэргэлэн, чадвартай, хэлний бэлтгэл сайтай, хувийн зохион байгуулалт өндөр сурагч. Өөрөөсөө илүү амжилттай шавь бэлтгэнэ гэдэг багш хүний бахархал гэж боддог. Гаднын улсад зохион байгуулагдаж байгаа уралдаан, тэмцээнд явахад санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Энэ ч утгаараа онлайнаар оролцох нь бас нэг давуу тал болсон. Аливаа зүйлд тууштай байх нь амжилт гаргадаг гэдгийг Б.Пүрэвбадрал маань харууллаа. Химийн хичээлийн онцлог бол лабораторид ажилладаг. Энэ жилийн олимпиад онлайнаар зохион байгуулагдсан учир онолын бодлого бодох даалгавартай байсан. Олон улсын олимпиадад оролцож улсынхаа ууган сургуулийн түүхэн нэрийг гаргасандаа баяртай байна” гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС