Дулаалгын аян зохион байгуулах тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                                дугаар А/931                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн   8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2  дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.2013-2014 оны халаалтын  улиралд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн дулаан хангамжийн  найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /З.Занданпүрэв/-т, нийтийн эзэмшлийн орон сууц, байруудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодын дунд  болзолт уралдаан зарлан дүгнэх ажлыг зохион байгуулахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/- нд даалгасугай.
 
2.Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, албан байгууллагууд, нийтийн орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, дулаан хэмнэлтийн зөв дадалд бүх нийтийг уриалах   зорилгоор  2013 оны 10 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 07-ны хооронд “Дулаан, эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” уриатай иргэд, олон нийтийн санаачлагыг өрнүүлсэн  аяныг нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын алба          
/Ч. Батсайхан/-нд даалгасугай.
 
3.Энэхүү аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгдүгээр, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
4.Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 19.980.000 /арван есөн сая есөн зуун наян мянган/  төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар  /Ё. Гэрэлчулуун/-т   зөвшөөрсүгэй.  
 
5.Үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.

6.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
                                                              
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ