Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч

2021-04-26 16:14:12

Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа.

-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү?

-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цахилгаан, сантехникийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч, түргэн шуурхай барагдуулдаг. Тухайн иргэний гэрт нь очиж, үйлчилгээ үзүүлдгээрээ орон сууц, нийт аж ахуйн үйлчилгээ онцлогтой. Хэдэн цагт ч хамаагүй дуудлага өгсөн бол сантехникийн засварчин, цахилгаанчин очиж, засвар, үйлчилгээг хийж өгдөг, хэрэглэгчдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ. Орон сууцны байр барихад 1-2 жилийн хугацаа шаарддаг бол барилга баригдсанаас хойших хугацааны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Зам, талбайн үйлчлэгчийн ажлыг хараад шууд үнэлэлт өгч болдог бол бидний үзүүлдэг үйлчилгээ газар доор, айлын хананы цаана, орон сууцны хонгилд зэрэг далд байдаг учраас шууд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүндрэлтэй. Тиймээс бидний үйлчилгээг мэдэрье гэвэл тухайн орон сууцанд амьдарч байж мэдэрнэ. Таны гэр ая тухтай, дулаан байна уу, халаалт, халуун, хүйтэн ус хэвийн байна уу, бохир бөглөрөөгүй хэвийн байна уу гэдгийг тухайн оршин суугч л мэдэрдэг.

-Оршин суугч, хэрэглэгчдийн зүгээс анхаарах зүйл юу байдаг вэ?

-Тухайн айлд байгаа цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ, тоноглолууд тухайн айлын өмч байдаг. Тиймээс өөрийн өмчдөө анхаарч, цаг тухай бүрд нь мэргэжлийн байгууллагад дуудлага өгч, засвар үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь ус алдах зэрэг гарч болох эрсдэлээс хамгаална. Мөн дулаан, эрчим хүч, усаа хэмнэх ёстой. Хаалга, хана, цонхоор дулаан алддаг. Энэ бүгдэд анхаарах хэрэгтэй. Оршин суугчид гэртээ засвар хийхдээ обой, шал, тавилгаа сольдог ч инженерийн шугам сүлжээгээ орхигдуулдаг. Залгуур, гэрлийн унтраалга, угаалтуур зэрэг нүдэнд харагдаж байгаа зүйлсээ сольсон бол эдгээрийг тэжээж байгаа цаад шугамаа бас сольж байх хэрэгтэй. Шугам сүлжээгээ мэргэжлийн байгууллагад цаг тухайд нь үзүүлэхгүйгээс болж ус алдахад засвар хийсэн ажил үргүйдэж, өөрөө хохирол амсахаас гадна өрөөлд бас хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс инженерийн шугам сүлжээгээ найдвартай байлгах хэрэгтэй юм.

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай байгууллага 19 салбар төвтэй, 1600 гаруй ажилтантай. Бүх нийтийн бэлэн байдлын үед 300-310 ажилтан ажиллаж байна. Бид УОК, НОК, ДОК, ЭМЯ-наас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмүүдийг чанд сахин ажиллаж байгаа. Цар тахлын үед манай байгууллага эрсдэлтэйд тооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилчид иргэдээс халдвар авах, иргэдэд халдвар тараах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа болохоор өдөрт 40-50 дуудлага ирж байна. Нэг дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлэх хугацаа 30-40 минут. Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар, олон давхар байшингуудад хүрэлцэхүйц хэмжээний даралттай усыг хүргэх зорилгоор шөнийн цагаар хэрэглээ буурсан үед даралтыг тохируулж багасгадаг, өдрийн цагаар буюу оргил ачааллын үед халуун хүйтэн усыг хэвийн хүргэх систем нэвтрүүлэн ажиллаж байна.  

-Оршин суугчдад хандаж юуг уриалах вэ?

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 7000-5454 тусгай дугаарын утас 24 цагийн турш хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, үйлчилдэг. Мөн цахимаар мэдээлэл өгч байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас “Зөв айл, зөв хэрэглээ” аяныг зохион байгуулж байна. Хэрэглэгч, оршин суугчдыг “Зөв байя, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС