Хотын даргын уриалга

2013-09-05 00:00:00
ЭРХЭМ ХҮНДЭТ НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ    
                                                                             
Наадмын маргаашаас намар эхэлдгийг сануулсаар сэрүүн салхи сэвэлзсэн  жиндүү өдрүүд  эхэллээ. Энэ хариуцлагатай цаг мөчид нийслэл даяараа хүйтрэхээс урьтаж орон байраа дулаалахаас авахуулаад өвлийн бэлтгэлээ хангах шаардлага тулгарлаа. Нийслэлийн Засаг даргын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2013 оны 05 дугаар 03-ны “2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/445 тоот, “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах байнгын ажиллагаатай комисс томилох тухай” А/444  тоот захирамж гаргаж “Нийслэл хотод 2013 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж баталсан. Бэлтгэл хангах ажлуудыг тодорхой төлөвлөгөөний дагуу  хэрэгжүүлж цаг хугацаандаа дуусгахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг төлөвлөгөөний дагуу сайтар зохион байгуулахын зэрэгцээ нийслэлийн иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжүүд та бүхнийг өөрсдөөсөө хамаарах бэлтгэлдээ цаг алдалгүй орохыг уриалъя. Иргэд оршин суугчид гэр, орц, хаалга, цонхоо дулаалан, түлээ нүүрсээ бэлтгэж, дулааны алдагдлаа багасган, хэрэглээний зөв горимд шилжих, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ, тоноглолынхоо найдвартай ажиллагааг хангаж, халаалтын улирал эхэлсэн үед хэвийн горимыг  алдагдуулахгүй, дулааны зөв хэрэглээ, ашиглалтыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлж, ослын нөхцөл үүссэн үед ашиглах нөөц цахилгаан дулааны эх үүсгүүрүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжийг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд уриалан дуудаж хамтран ажиллаж, түүчээ болохыг энэ ялдамд хүсье. Та бид хамтын зүтгэлээрээ өвлийн хахир өдрүүдийг хүндрэлгүй давж урин цагтай золгоно гэдэгт итгэлтэй байна.                 
                            
                           

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ