Хугацаат цэргийн албаны татлагын ажлыг зохион байгуулах тухай

2020-09-17 09:00:12

2020 оны 09 сарын 17-ны өдөр                                      Дугаар А/1115                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хугацаат цэргийн албаны татлагын

ажлыг зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны н/165 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Хугацаат  цэргийн  албанд  иргэдийг татах ажлыг нийслэлийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

       2.Цэргийн жинхэнэ албанд татах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий  Нийслэлийн цэрэг татлагын товчоог  хавсралт ёсоор баталсугай.

           

      3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай. Үүнд:

 

        3.1.Нийслэлийн Цэрэг татлагын товчоо /Ц.Уртнасан/-нд:

             

        а.Hийслэл, дүүргийн “Цэрэг татлагын товчоо”-ны дарга болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагын талаарх эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, зааварчилгаа өгч, цэрэг татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих.

 

         3.2.Дүүргүүдийн Засаг дарга нарт:

 

        а/ “Цэрэг татлагын товчоо”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн захиргааны албан хаагч болон холбогдох байгууллагуудаас оруулах;

 

        б/Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөн, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хөрөнгийг гаргах;

 

         в/Хугацаат цэргийн албаны талаарх сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зохион байгуулах;

    

         г/Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

 

        д/Цэрэг татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах;

 

        е/ Ковид-19 халдварт цар тахал, хорио цээрийн дэглэмийн үед цэрэг татагдагч болон цэрэг татлагаар ажиллах бие бүрэлдэхүүний  ариутгал цэвэрлэгээг тогтмол сайтар хийж гүйцэтгэн халдвараас сэргийлэх бүх талын арга хэмжээг авч Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах.

 

         ё/Цэрэг татлагын байрыг зааврын дагуу бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа өгөх, тэднийг эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

          ж/Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэх;

 

          з/Иргэдэд үйлчлэх ая тухтай орчныг бүрдүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх;

 

        и/Цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх;

 

       4.Цэрэг татлагын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, дүнг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга /Ц.Уртнасан/, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН