Өнөөдөр “Үндэсний хувцасны өдөр” тохиож байна

2020-07-09 18:45:16

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор 2006 оноос эхлэн Монгол костюмс ХХК, Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран Улаанбаатар хотноо Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулсаар ирсэн.

Наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн жагсаал, үндэсний хувцасны түүхэн загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтыг үзэж, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг зочин оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос зэргийг шалгаруулан, үндэсний хувцас, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, уран бичлэг, уран хайчилбар урчуудын бүтээлийн үзэсгэлэн худалдааг сонирхдог.

Дэлхийн улс орнуудад коронавирусын халдвар эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан 14 дэх жилдээ зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ цуцлагдсан хэдий ч бид бүхэн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэж байна.

“Дээлтэй Монгол наадам”-ыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах бөгөөд та бүхнийг урьж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР