Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо

2020-02-20 10:30:54

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд томуу, томуу төст болон шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа зарим арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөлийн хувьд өнгөрсөн сарын байдалтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Шинэ төрлийн халдварын сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа. Одоогийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа” хэмээн хэллээ. Түүнчлэн  Монгол Улсад шинэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан талаар дуулгаад халдвар бүртгэгдсэн тохиолдолд тархах өндөр эрсдэлтэй цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж зөвлөлөө.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцуулав.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд автотээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо, хяналтын таван цэгт хяналт тавьж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл шалган нэвтрүүлэх товчоодод түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй 252,92 тонн нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Харин түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй 3181 тээврийн хэрэгслээр 81280 тонн нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар сайжруулсан түлшийг нөөцлөх дундын агуулах таван дүүрэгт байгуулсан бөгөөд түлш борлуулалтын 389 цэг ажиллаж байна. Түлшний дээжийг өдөр бүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээжлэн авч лабораторийн шинжилгээнд хамруулдаг аж. Засгийн газраас өрх бүрт нэг удаагийн буцалтгүй тусламжаар угаарын хий мэдрэгчийг суурилуулах шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 41 хороонд 69980 ширхэг угаар мэдрэгчийг дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд зохион байгуулжээ.

Түүхий нүүрсийг хориглож сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт сайнаар нөлөөлж  PM 2.5 тоосонцор өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар, PM 10 тоосонцор 45 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн талаар мөн товч мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, баталлаа. Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгаа. Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид онцолсон юм. Ийнхүү найман бүлэг 293 заалттай байсан журмын төслийг шинэчлэн найруулж, 10 бүлэг 512 заалттай байхаар баталлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс