Барилга, замыг шинээр барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг хангахыг үүрэг болголоо

2013-07-24 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” А/690 дугаар захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад  үүрэг болгожээ. Мөн нийслэлд шинээр баригдаж байгаа болон засварлаж байгаа зам, барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж, дэд бүтцийн стандартуудыг хангуулан ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаар үйлчлүүлж,  нийтийн эзэмшлийн зам талбайд саад, бэрхшээлгүй явах боломжтой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.