Цэцгэн чимэглэлд 315 сая төгрөг зарцуулжээ

2013-07-23 00:00:00
Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний  нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Харин өчигдөрөөс хэвлэл мэдээллээр “Нийслэлийг цэцэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ” гэсэн ташаа  мэдээлэл  цацагдсан талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан “Нийслэлийн ногоон байгууламжид бүхэлд нь 4,5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд  цэцэгжүүлэх ажилд 315 сая төгрөг зарцуулж байгаа юм. Нээлттэй тендер зарласны дагуу “Фармаци гарант” ХХК  шалгарч, Хот тохижилтийн газарт нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх болсон. Энэ зуны хотын дүр төрх бидний ажлын эхний алхам. Дараа жил ландшафтын төлөвлөлт, загвараа улам баяжуулж, хотынхоо ногоон байгууламжийг арчилж, тордох болно” гэсэн  тайлбарыг өгч байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ