“Нарны жим”-ийн мотор дуугарлаа

2013-07-23 00:00:00
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны киноны зураг авалт өнөөдөр Аврах тусгай ангийн жагсаалын талбайд эхэллээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, аливаа аюулт үзэгдэл технийкийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилготой “Нарны жим” олон ангит уран сайхны киноны анхны зураг авалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, МҮОНТВ-ийн захирал н.Нарангэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Шадар сайд үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төслийг амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл, олон хүний хүч хөдөлмөр шингээн чамгүй төсөв зардал гарган бүтээж буй энэхүү хамтын бүтээл гамшиг осолгүй Монгол Улсыг бий болгоход Монголын ард түмний оюуны хөрсөнд үнэ цэнэтэй сайн үр тарьсан сайхан бүтээл төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Өнөөдөр киноны мотор дуугаргах торгон агшинг хамтдаа хуваалцаж байгаа эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, иргэд, уран бүтээлчид та бүхнийг энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриалж байна. Уран бүтээлчид та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай” гэлээ.
 “Нарны жим” олон ангит киноны моторыг дуугарах тэрхүү агшинд Шадар сайд сүүн цацал өргөн  кино бүтээх ариун үйлсэд сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.