Замын хөдөлгөөний шинэ журам 8 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөнө

2013-07-15 00:00:00
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Замын хөдөлгөөний төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төсөл, Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, Ноу Хау-г нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам, Гудамж талбайн нэр өөрчлөх тухай тогтоолын төслийг тус тус танилцууллаа.
                                Замын хөдөлгөөний шинэ журам хэрэгжихээр боллоо
“Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төслийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож танилцууллаа. Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн тогтолцооны хүрээнд зөрчил илрүүлэх систем суурилагдсан замуудад хөдөлгөөний хяналтын төхөөрөмжийг ашигласнаар замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлэх болон гэрлэн дохио зөрчсөн зөрчлүүдийг хүний оролцоогүйгээр илрүүлж, хариуцлага тооцох боломж бүрдэж байгаа юм. Суурилагдсан зөрчлийг системд бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн байдлыг сүүлийн 3 жилээр авч үзэхэд 2011 онд нийт 329002 зөрчил гарснаас 38,4 хувь нь хурд хэтрүүлсэн, 61,6 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил байсан байна. Харин 2012 онд нийт 285833 зөрчил гарснаас 47,3 хувь нь хурд хэтрүүлсэн, 52,7 хувь нь улаан гэрлэн дохионы зөрчил гаргасан байна. 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 76299 тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж, 49876  тээврийн хэрэгсэл уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн тухай мэдээллийг журмыг танилцуулах үеэр хэлж байсан юм. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлж, баримт болгон баталгаажуулж байгаа юм. Шинэ журам хэрэгжсэнээрзамын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчид тус журмыг хэлэлцэн, баталснаар 8 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
                             Нийслэлд нэн шаардлагатай ноу хау нэвтрүүлэх журмыг танилцууллаа
Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи ноу-хау  нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.  Энэхүү журмаар Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах  асуудлыг гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, тухайн техник технологийг нутагшуулж, эдийн засгийн үр ашигтай болох нь нотлогдсоны дараа тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч, оруулсан хөрөнгө оруулалтыг төлөх харилцааг зохицуулна. Уг журмыг хэрэгжүүлснээр богино хугацаанд төсвөөс хараат бусаар шинэ орчин үеийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах, үр шимийг нь хүртэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, улмаар санхүүгийн зээлийн асуудлыг ямар нэг хүү алдангигүйгээр шийдвэрлэх юм. Мөн төсөл хэрэгжих хугацаанд гарсан эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцах бөгөөд манай орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицохгүй үр ашгаа өгөхгүй байгаа тохиолдолд түүнийг хүлээн авахгүй, эргэн төлөгдөх нөхцөл хэрэгжихгүй байхаар тусгасан байна. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин тогтоол гаргалаа.
                                                        Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчиллөө
НИТХ-ийн Тэргүүлэгчийн хуралдаанд “Гудамж талбайн нэр өөрчлөх тухай” тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Их Монгол улсаа байгуулсан эзэн богд Чингис хааны суу алдар 8 зууныг өртөөлөн туулж, Монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил болсоор ирсэн. Тиймээс Монголын төр, түмэн эзэн богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн олонх нь санал нэгтэйгээр дэмжлээ. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, судлаачид, иргэд, төрийн бус байгууллагуудаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд удаа дараа хүсэлт тавьсны дагуу Монголчуудын сэргэн мандалт хөгжил дэвшлийн тулгуур, бидний бахархал болсон эзэн богд Чингис хааны нэрээр нэрлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.