Хандлагаа өөрчилье, өөрсдөө үлгэрлэе

2019-10-03 12:48:42

Улсын нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хаяагаа тэлсээр байгааг хэн хүнгүй мэднэ. Хэдэн сарын өмнө явж байсан газар байтугай хэдхэн хоногийн өмнөх газар танигдахын аргагүй өөрчлөгдөж, шинэ зам, шинэ гүүр, шинэ барилга, шинэ бүтээн байгуулалт сүндэрлэн боссоор, Улаанбаатар хот маань өнгө зассаар. Гэсэн ч хүн хэзээд дутуугаа засаж, сайжруулахыг эрмэлздэг учраас нийслэлийн иргэд бид сайныг гэхээсээ илүү саарыг харахдаа нүд хурц, ихэнхдээ болохоосоо болохгүйг, бүтэхээсээ бүтэхгүйг нь онцолчихдог гэмтэй.

Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг бидэнд толгойгоо гашилгах асуудлууд мундахгүй. 500 мянган хүнээс хэтрэхгүй байхаар төлөвлөсөн хотод маань өдгөө гурав дахин олон хүн аж төрж байгаа учраас нийслэлийн авто замууд машинаа “даахгүй”-д хүрээд буй. Энэ байдлаар 2025 онтой золгох юм бол автомашинтай иргэд хаашаа ч явж чадахгүйд буюу тэг зогсолт хийхэд хүрнэ. Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг ч тогтоожээ. Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой алхам нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх ч гэлээ 1.5 сая гаруй хүн амтай хотод маань ердөө 800 гаруй автобус үйлчилдэг. Тэдгээрийн олонх нь ашиглалтын хугацаа дууссан, эсвэл хэзээ мөдгүй ашиглалтаас гарахад бэлэн байгаа. Түүнчлэн такси хаа хаанаа хүрэлцдэггүйгээс гадна такси барихын тулд жолоочийн явах зүгт явах хэрэг гардаг таксины үйлчилгээтэй хот манайхаас өөр үгүй. Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас хүүхдүүд стандартын шаардлага хангаагүй байранд гурван ээлжээр хичээллэж, цоожтой хаалганы цаана, эсвэл өвөө эмээгээрээ асруулан сурч боловсрох, нийгэмших явцаас хоцорсоор буй. Үүн дээр нийслэлийн хог, утаа, агаарын бохирдол нэмэгдэнэ. Энэ бүхнийг уншаад та юу юугүй бухимдах гэж байна уу. Тэгвэл түр хүлээгээрэй.

Энэ мэт асуудлууд олон буй ч бидэнд хийж бүтээсэн зүйлс, ахиц дэвшил цөөнгүй буй. Хэдхэн жилийн өмнөх рүү цаг хугацааг ухраагаад, дээр дурдсан болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдэд ямар өөрчлөлт гарсныг тоочоод нэг үзье. Дөрвөн жилийн тэртээ нийслэл хотын иргэд бид нийтийн тээврээр зорчихын тулд ухаалаг карт уншуулах нь бүү хэл өөрсдөө ухаалаг зорчиж чаддаггүй, автобусны аль дуртай хаалгаараа орж, кондуктортай хэрэлдэн барин мөнгө төлдөг байв. Харин өдгөө бид “ухаалаг” картаар төлбөр тооцоогоо хийж, автобусны урд талын хаалгаар орж, хойд хаалгаар буугаад хэвшжээ. Түүнчлэн нийтийн тээврийн “UB smart bus” аппликейшний тусламжтайгаар автобус хаана явааг, хэзээ ирэхийг харах боломжтой болсон. Мөн энэ жил түүхэндээ байгаагүй олон сургууль, цэцэрлэг баригдаж, 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орохоор байгаа. Ингэснээр  21 мянган сурагчийн суудал, цэцэрлэгийн хүүхдийн ор 13 мянгаар нэмэгдэнэ. Үүнээс өмнө 2015 онд л хамгийн их буюу 24 сургууль, 58 цэцэрлэг ашиглалтад орж байсан юм. Түүнчлэн холбогдох байгууллагууд сургуулиудыг гурван ээлжээр хичээллэдэггүй болгохоор зорин ажиллаж байна. Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд энэ жилээс зөвхөн боловсруулсан түлш түлэхээр болсон. Мөн жил ирэх бүр ашиглалтад орж байгаа авто зам, гүүрийн тоо нэмэгдэх болсон. Энэ мэт нийслэл хотод маань болж буй зүйлс цөөнгүй. Гэхдээ бид урьтаж болохгүйгээ шүүрээд байдаг болохоос. Тиймээс юу юугүй бүхнийг харлуулахаасаа илүү хандлагаа өөрчилье, мөн өөрсдөө үлгэр жишээ үзүүлье. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүст хотын иргэд гэж ийм байдаг гэдгийг өөрсдөө үлгэрлэн үзүүлье. Өөрсдөө гарцаар гаръя, яарч яваа нэгэндээ зам тавиад өгчихье. Уурлаж, уцаарлахаасаа илүү арга, гаргалгааг хэлдэг болъё. Таныг хараад хотын иргэд ямар байдгийг тэд мэдэж аваг.

           

 “Үндэсний шуудан” сонин Э.Эрдэнэцэцэг