Шүлэг бол хот юм

2019-10-03 12:38:22

-Тэмдэглэл-

“Шүлэг гэдэг бол хот юм.

Шүлэг гэдэг бүхэл бүтэн үндэстэн юм”. [Чарльз Буковски]

Улсынхаа нийслэлд амьдраад найман жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд амьдралын эрээн бараан, сайн сайхан, муу муухай юу эсийг үзэв. Оюутан насны оргилуун, гал цогтой өдрүүдээ энэ л хотод өнгөрүүлж, ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, гуньж, гутарч, догдолж, баярлаж, ганцаардаж амьдралаас мэдэрч болох олон зүйлийг энэ л хотоос мэдэрлээ. Цаашдаа ч олон дурсамжийг энд бүтээх биз ээ. Улаанбаатар дурсамж дуртгалыг минь ийн тээсээр. Энэ хот намайг сайнтай, муутай нь мэднэ. Хэнд ч хэлээгүй нууцуудыг минь энэ л хот бүхнээс илүү мэдэж байгаа. Энэ хотын зам талбай, өнцөг булан бүхэнд нандин сайхан дурсамжууд минь бий. Тэдгээр дурсамж намайг тойрон эргэлдэхэд шүлгийн мөрүүд сэтгэлд эгнэн буудаг юм. Улаанбаатар ийм л шидтэй хот, шүлэг шиг хот.  Яруу найрагч С.Цэрэндолгорын бичсэн шиг дулаахан хот.

Нулимсаа тэвчээд гундуухан явбал

Дундуур бүхнийг минь дүүргэж өгчихөөд

Нар дахиад л мандана даа! гэж шивнэх шиг

Дэндүү дулаахан миний хот!”. [С.Цэрэндолгор]

ХОТЫНХОО ГҮН РҮҮ НЭГ ХАРААЧ

“Энэ хот биднийх юм

Хувь заяа нь харин бид өөрсдөө билээ.

Хотынхоо гүн рүү нэг хараач

Урьд өмнө юу ч тохиолдсон бай

Бүх харуусал гунигийг чинь энэ хот нимгэлнэ.” [Ю.Визбора, Д.Сухарева]

Хайрт руугаа, найз руугаа, хүүхдүүд рүүгээ, гэр рүүгээ яарах миний хотын иргэд. Болох зүйл ихтэй, болохгүй зүйл ч олонтой бидний хот. “Сэтгэл зүрхний минь нийслэл”. Их хотын гудмаар яаруухан алхах бүсгүй, дэггүйтэн гүйх сургуулийн жаалууд, салхилан алхах залуу гэр бүл, хаа нэг таарах замын хажуугийн сандал дээр хөлөө амраан нарлах буурлууд. Тэд бүгд л өөр өөрсдийн нүдээр амьдралын сайн сайхныг харж буй. Харин бид хотынхоо гүн рүү тэр бүр хардаг бил үү. Хотдоо санаа тавьдаг бил үү. Хот маань өвөлдөө утаатай, зундаа өмхий. Асуудлыг бид улирлын чанартай мартаж, санана. Бид ийм байдалд дассан бололтой. Улаанбаатар уг нь ийм байгаагүй. Ийм болгосон хүмүүс нь бид. Харин хот маань эрт цагт тунгалаг агаартай, сайхан хот байсан, сайхан болгож бас болно гэдгийг санаж байхын тулд нэгэн гайхалтай уран бүтээлийг эргэн дурсъя. 1979 онд аяыг нь гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуай шүлгийг нь зохиож домогт Б.Бадар-Ууган агсан, дуучин Н.Дуламсүрэн нар дуулснаар анх энэ бүтээл төрж байв.           

“Уудамхан гудамжаар нь алхалж явахад

Улиангарын навчсаар салхин наадаад

Улаанбаатарын минь тунгалаг агаар

Уушги цээжийг тэнийлгэн сэвших таатай!...”

“... Хоргодсон сэтгэлээрээ эргэн санахад

Холдохын чиг тусмаа ойрхон болдог

Хотол нийслэлийнхээ илч гэрлээр

Хонгорзул цэцэг шиг урганам билүү биднүүс!”

ЭНЭ ХОТ ЧИНИЙ ХОТ

Нэг л өөр ертөнц

Чихээ таглаад нүдээ анимаар...

Орь ганцаардал дунд

Ориловч хэн ч сонсохгүй.

Хэн ч юм бүгдийг нь байрлуулчхаад

Чимээгүй яваад өгсөн гэмээр

Эзэнгүй энэ хотын

Эзэд нь болох гэж ядна” [Д.Бямбасүрэн]

Тийм ээ бид эзэнгүй энэ хотын эзэн нь болох гэж ядна. Утаатай, хог шороотой, түгжрэлтэй гэж сэтгэл зүрхнийхээ нийслэлийг адална. Энэ хотыг орхиж, гадаад эсвэл хөдөө амьдарна гэж ярина. Заримдаа нүргээнт энэ хотын амьдралд дотор давчидхаар үнэхээр зугтмаар санагддаг ч бид хаа холдох билээ дээ. Энэ саарал хот л оршин буйг минь мэдрүүлж, биднийг амьд байлгадаг шүү дээ.

Хаа нэгтээ "харьяалагдах", "миний" гэж бодох эх оронтой байна гэдэг, сэтгэл зүрхэндээ "нийслэл"-тэй байна гэдэг сайхан. Түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, санхүүгийн хямрал, эмнэлэг, цэцэрлэгийн хомсдол, тоглоомын талбай ховор гээд дурдаад байвал сөрөг зүйл бидний хотод олон. Гэвч энэ бүхнийг шийдэх хүмүүс нь бид. Энэ хотын эзэн нь бид шүү дээ.

Бид энэ хотоос сайхныг эрсээр... хайсаар л явна. Харин тэр сайхан зүйлсийг бүтээгч нь иргэн бид гэдгийг ухамсарлах ёстой. Хэн нэгнийг хийхийг хүлээх биш, хэн нэгнээс хийж өгөөч гэж хүсэх биш, бид өөрсдөө бүтээх ёстой болов уу. Хот зөвхөн барилга байгууламжаас бүрддэггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хот хүмүүсээс бүрддэг.

Тэр ч булан, энэ ч тохой чинийх болохын

Тэмдэг хаа сайгүй.

Их сургуулийн гудамжаас илтэд

Инээх чинь цуурайтах юм.

Сакура дэлгэрэхийг үзэхээр

Суусан сандал минь ч

Саяхан чи босоод явсанаас бүлээнээрээ.

Хаврын агаартай сүлэлдэх тамхины үнэр ч чинийх.

Хаа нэгтээ бичигдэж буй шүлэг бүрийн зориулал ч Чи.

Энэ хот чиний хот оо.” /Ч.Бат-Уянга/

Тэртээ 1985 онд хотын хүндэт иргэн, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн зохиосон аялгууг сонсоод соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжавын бичсэн шүлгээр энэхүү тэмдэглэлийг дуусгая.

Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан

Учралын болзоонд залуус яаруухан”

 

“Монголын үнэн” сонин Б.Мөнх-Эрдэнэ