Явган зорчигчид дугуйн замаар “бэлчихээ” больё

2019-10-03 11:28:21

Сүүлийн жилүүдэд  нийслэлд  дугуйн замыг шинээр тавьсаар энэ жилийн зургадугаар сарын байдлаар 65 км орчим дугуйн замтай болжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2030 он хүртэл 310 км зам тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Авто замын түгжрэлд үнэт цагаа алдахын оронд түлш шаардлагагүй, байгальд ээлтэй унаа, дасгал хөдөлгөөнийг ч орлох учир иргэд дулааны улиралд дугуйгаар зорчих нь нэмэгдсэн. Үүнийг дагаад унадаг дугуйн түрээс “U Bike” үйлчилгээг нэвтрүүлээд даруй жил гаруй болсон гээд дугуйн хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм. 

Гэвч дугуйн зам шинээр тавигдаж, хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгаа ч зарим иргэд унадаг дугуйн замны хэрэглээг тэр бүр сайн мэдэхгүй байна. 

УНАДАГ ДУГУЙН ЗАМААР ДУГУЙТАЙ ХҮН Л ЗОРЧИНО 

Зориулалтын зүйл гэдэг зориулалтынх л байх ёстой. Дугуйн замын дэргэд явган хүний зориулалтын өргөн зам байсаар байтал дугуйн замаар алхах “хоббитой” хүмүүс байдаг.  Элдэв товгор хээгүй учраас өндөр өсгийт өмссөн хүнд ч амар байж болох ч үүнийг дугуйнд зориулсан зам гэдгийг иргэн бүр ухамсарламаар байна.

Дэгсдүүлж хэлэхэд унадаг дугуйтай нь явган хүний замаар, явган иргэд дугуйн замаар явсаар удлаа. Зориулалтын замаа ашиглах шаардлага тавихад уучлалт гуйгаад зам тавих нэгэн байхад уурлаж гөжүүдлэн чигээрээ хөндөлсөн алхах нэгэн нь ч байна. Тэдгээр иргэдийг сүлжиж явах нь дугуй унасан хүмүүст нэн төвөгтэй байдаг. Зарим нь чихэвчтэй хөгжим сонсоод дугуйн хонхны чимээг ч сонсолгүй чигээрээ алхах нь элбэг. 

АВТО ЗАМАА АНХААРДАГ ШИГЭЭ ДУГУЙН ЗАМАА Ч МӨН ТОРДДОГ БАЙГААСАЙ

Хүүхдээ тэргэн дээр түрээд салхилуухаар явахад налуу биш брожур маш их саад учруулдгийг ээжүүд хэлдэг. Энэ нь зөвхөн тэдний ч асуудал бус дугуйчдын хувьд бэрхшээлтэй зүйл нь яах аргагүй мөн юм. Дугуйтай иргэд дугуйн замгүй үед явган хүний замыг ашиглахаас өөр гарцгүй байдаг бөгөөд энэ үед налуу брожур хамгийн их нэмэртэй байдаг. Гэхдээ дугуйн замын стандартад нийцэхээр сайтар налуу болгоогүй замууд ч олон бий. Тиймээс дугуй болон явган хүний зам шинээр тавих, засаж янзлах гэж байгаа бол холбогдох эрх мэдэлтнүүд нь үүнийг анхааралдаа авна уу.

Дугуйн замыг тавьж байгаа газрууд ч чанарт анхаарч бороо, салхинд эдэлгээ даах бат бөх зам тавьдаг байгаасай. Зарим зам жилээ ч даалгүй энд тэндээ ховхорч, энхэл донхол үүссэн харагддаг. Жишээ дурдахад, энэ зун Цэцэг төвийн уулзвараас хойш хуучнаар Улаанбаатар шилэн банк хүртэл тавьсан зам энд тэндээ эвдэрсэн, гүйцэд дуусгаагүй буюу шороо асгасан байдалтай нэлээд удаж байгаа юм. Мөн энэ зам машины зогсоолын гурван ч талбай дундуур хөндлөн огтлолцдог учир дугуйгаар явахад ихэд төвөгтэй. Түүнчлэн элдэв шугам хоолой, зам засварын ажлын дараа сүйтгэсэн дугуйн замаа нүгэлийн нүдийг гурилаар хуурах аятай цемент, чулууг овоолоод тавьсан байдаг. Замын хажууд шинээр баригдаж байгаа зарим барилга дугуйн замыг өмчилнө эсвэл эвдэлж сүйтгэн түүгээр дугуйгаар зорчих боломжгүй болгодог. 

Нийслэлээс авто замаа жил бүр шинэчилж анхаарал хандуулдгийн адилаар дугуйн замуудаа ч мөн тордох, дахин шинээр засварладаг байгаасай. Учир нь ногоон өнгөөр будсан дугуйн замын өнгө бүдгэрч, халцран явган хүн ч ялгахааргүй болжээ. Мөн дугуйн замын тэмдэг, тэмдэглэгээг хэн ч харсан ойлгогдохоор байршуулахгүй бол дугуйн зам гэдгийг явган зорчигчид төдийлөн сайн мэдэхгүй, түүгээр зорчих нь элбэг байна.

Сонирхуулахад Шинэ Зеланд улсын Аукланд хотын Авто тээврийн албанаас гаргасан, удахгүй хийгдэх авто зам талбайн зураг төсөлд дугуйн замыг дараах байдлаар төлөвлөжээ. 

ЖОЛООЧ НАР АА, ДУГУЙЧИД МАШИН ЗАМ ДЭЭР ДУГУЙГАА ОРХИОД ЯВДАГГҮЙ ШҮҮ!

Жолооч та бүхэн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа дугуйтай иргэдэд хүндлэлтэй хандаж байгаарай. Дугуйн зам хомс энэ үед тэдэнд зарим үед авто замаар зорчихоос өөр сонголт байдаггүй учраас тэдний нөхцөл байдлыг ойлгохыг хичээж байгаарай. Зарим жолооч зам тавих нь бүү хэл албаар баруун шахаж, хөндөлсөж цонхоороо хараалын үг урсгах нэгэн ч байдаг. Дугуйтай иргэд харин ч байгаль орчинд ээлтэй унаа хэрэглэж байгаа гэдгээрээ жаахан ч гэсэн хүндлэл хүртэх эрхтэй мэт. Хэн хэндээ хүлээцтэй байж, бие биеэ хүндэлье. 

Мөн дугуйн зам дээр машинаа бүү байрлуулж байгаарай, эрхэм жолоочид оо! Дугуйчид машин зам дээр дугуйгаа орхиод явдаггүй гэдгийг санаарай. 

ДУГУЙТАЙ ИРГЭД Ч ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ

Нөгөө талдаа дугуйтай иргэд өөрсдөө ч мөн хариуцлагатай бөгөөд авто замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч анхаарал болгоомжтой байх нь зөв юм. Явган хүний замаар бусдыг цочоон сандаргаж хэт хурдтай явахгүй, авто замын хөдөлгөөнд оролцох бол чихэвч ашиглахгүй, эргэлтээ гараараа дохиж мэдэгдэх, гэрлэн дохионы дагуу хөдөлгөөнд оролцож, уулзвар дээр гэнэт гарч ирж жолоочид бүү төвөг удаж байгаарай. Үүний цаана дугуйчин таны хэврэгхэн биений л амь нас яригдах учир өөрөө маш өндөр анхаарал болгоомжтой байх ёстой юм.

Өнгөрсөн онд гэхэд нийт 784 иргэн дугуй унаж байхдаа зам тээврийн осолд өртсөн ба нэг хүн амиа алдаж үлдсэн нь хүнд, хөнгөн бэртжээ. Тиймээс дугуй унаж хотын хөдөлгөөнд оролцох бол хамгаалалтын малгай, бээлий өмсч, дугуйндаа цацруулагч, гэрэл, дуут дохио зэрэг хэрэгслийг бүрэн суурилуулахыг зөвлөж байна.

 

Бичсэн:  gogo.mn сэтгүүлч Б.Нямдарь