Хотоо хоггүй болгоё гэлүү?

2013-06-19 00:00:00
Энэ бол шинэ үеийн хотын залуусын дуулах дуртай дууны нэг. Хэдий бид хоггүй хотод амьдаръя хэмээн улиг домог болтол ярьж, энэ үгийг дахин дахин давтан хэлэх дуртай ч үүнийхээ төлөө юу хийдэг гэж? Юу ч хийдэггүй. Бусдын тарьсан хогийг цэвэрлэдэггүй юм аа гэхэд ядаж өөрөө хог тарихгүй байх ухамсартай хэсэг цөөхөн. 
Тэгвэл энэ зургадугаар сараас нийслэлийг хоггүй хот болгох зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхлэн, залуус бидэнд хотоо хогоос аврахад хувь нэмрээ оруулах боломж тохиох нь. “Хог хаягдлын менежмент” төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ сараас хот маань хог гээч мангасаас аврагдах нь. Нийслэлийн иргэн бүрт хамаатай энэ шинэ боломж, шийдэл, төсөл хэрхэн хэрэгжих тухай мэдээллийг бэлтгэлээ. 
Зуслангийн айлуудад хогны уут үнэгүй тарааж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өнгөрсөн тавдугаар сарын 30-ны захирамжийн дагуу хогийн шинэ менежментийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ менежментийн дагуу зургадугаар сарын 15-наас зуслангийн 20 аманд амьдарч байгаа айлуудад “Азийн цагаан дагина” гэх хогны уутыг үнэгүй тарааж эхэлсэн билээ. Хогны уут нь 60x80 сантиметрийн хэмжээтэй, тунгалаг ногоон өнгөтэй гялгар уут бөгөөд айлуудад сард 15 ширхэгийг өгч байгаа аж. “Эхний ээлжид зуслангийн айлуудад уутыг тарааж эхэлсэн бөгөөд ирэх долдугаар сараас хотын төвийн бүх айл өрхөд уутыг үнэгүй тараах болно. “Монгол хэвлэл” гэх үндэсний үйлдвэрлэгч компани тендерт шалгарч, жилийн есөн тэрбум орчим төгрөгийн уут үйлдвэрлэх гэрээ байгуулсан. Цаашид уутыг айл өрхүүдэд үнэгүй, харин албан байгууллагуудад тодорхой хэмжээний төлбөртэйгээр худалдаалах болно. Төлбөрийн хэмжээ одоогоор тодорхойгүй байна” гэж нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан ярьсан юм. 
Айлууд хогоо уутлан орц, хашаа, гэрийнхээ үүдэнд гаргаж тавимагц Тохижилт, үйлчилгээний газрын ажилчид, хогийн эко эргүүл ууттай хогийг удаалгүй ачиж явахаар төлөвлөж байгаа гэнэ. 
Хогны хураамж болох 2500 төгрөг хог ачихад зориулагдахгүй
Нийслэлийн Хот, тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудын удирдлагууд нийслэл хот хогондоо дарагдан, хогон хот болоход дөхөөд байгаа нь санхүү хөрөнгийн хүндрэл, бэрхшээлээс шууд шалтгаалж байгааг олж харсан аж. Тиймээс энэ зургадугаар сараас айлуудын цахилгаан, байрны мөнгөн дээр хамтатган хураан авч байгаа 2500 төгрөгийг хогны уут үйлдвэрлэн, тараахад зарцуулах юм. Өөрөөр хэлбэл бидний хогны төлбөр байсан 2500 төгрөгөөр хогны 15 уут худалдан авч байгаагаас өөрцгүй бололтой. Мэдээж хог ачих, тээвэрлэх зардлыг хаанаас, хэрхэн гаргах вэ гэдэг нь асуулт гарч ирж байна. Үүнийг албаныхнаас тодруулахад, 
-“Энэ сараас хог тээвэрлэлтийн мөнгийг нийслэлийн төсвөөс татаас хэлбэрээр гаргаж байхаар шийдвэрлэсэн. Нийслэлийн төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ оныг дуустал хог ачилт, тээвэрлэлтэд шаардагдах тав орчим тэрбум төгрөгийн асуудлыг өргөн барьж хэлэлцүүлнэ” гэв. Ийнхүү хог ачих, тээвэрлэх төсвийг нийслэлээс хангалттай шийдэж өгснөөр хотыг хогноос аврахад нилээд түлхэц болох нь дамжиггүй. Харин ес орчим тэрбум төгрөгийн уут хэвлэж бэлтгэх тендерийг ганцхан компанид өгөхөд хэн нэгний бизнес, ашиг сонирхол нөлөөлсөн байж магад гэж хардах хүмүүс цөөнгүй байна. 
Ирэх долдугаар сараас буюу нийслэлийн бүх айлд хогны уут тарааж эхлэхээс өмнө нийслэлийн бүх иргэн, цэргийн ангиуд, Тохижилт үйлчилгээний компаниудтай хамтран их цэвэрлэгээ хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Хур хогийг нэг сайхан цэвэрлэж аваад л үлдсэн хогны асуудлыг дүүргүүдийн ТҮК-иуд бүрэн даана гэдгээ ийнхүү амлаж байна. 
Тиймээс цаашид нийслэлийн иргэд бид гэрийн хогоо “Азийн цагаан дагина” уутандаа савлан, хогоо хаяхгүй байхад л хот хогноос салах юм даг аа. 
 
Д.ЖАРГАЛСҮРЭН